Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.03/ хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураахад гишүүд дэмжсэнээр хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов. Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг 5 сарын 26-ны байнгын хорооны хуралдаанаар хийсэн бөгөөд тус хуралдаанаар гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан байсан юм.
Хуралдааны төгсгөлд Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулга, холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийж ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураав. Санал хураах явцад гишүүд ажлын хэсгийн гишүүд болон хууль санаачлагчаас тухай бүрт асуулт асууж, тодруулга авч байсан бөгөөд уг хуулийн төслүүд батлагдсанаар нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж, байгууллага болон жижиг дунд аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлагналын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх юм байна.
Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр хойшлуулав.