Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2015.06.03. Лхагва гараг/ үдээс хойш хуралдаж Засгийн газраас 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулав. Танилцуулгад дурдсанаар, Монгол Улсын эдийн засгийн хөгжил нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбар тэр дундаа дэд бүтцийн хувьд манай орон дэлхийн жишигт нийцсэн байх шаардлагыг бий болгож, улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулах, бүс нутгийг хамарсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, аймаг, хотыг холбосон шинэ зам, шугам сүлжээ барих, дагуул хот байгуулахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, өмчлөлд байгаа, эсхүл Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах, солих, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох хэрэгцээ бий болж байна. Улаанбаатар хотод улсын нийт хүн амын тэн хагас нь төвлөрөн суурьшиж байгаа нь манай улсын хувьд байгалийн давагдашгүй болон бусад нийтийг хамарсан эрсдэлтэй, аюултай нөхцөл байдлыг бий болгож, улмаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа тул хүн амын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот, суурин бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг тэлэх, сууршлын бүсүүдийг шинээр бий болгох шаардлагатай байна. Иймд энэхүү үндэслэл, шаардлагыг харгалзан нийгэм, эдийн засгийн хөгжилд үр дүнтэй нөлөө үзүүлэх олон улсын чанартай дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинээр сууршлын бүс бий болгох хэрэгцээ шаардлагаас үүдэн зарим газрыг тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.
Одоогийн тооцож байгаагаар,
1/Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүдийн Азийн хурдны зам /АНЗ/,
2/Рашаант Маань чиглэлийн Богдхан төмөр зам,
3/Богдхан уулыг тойрсон хурдны зам,
4/Майдар эко хот байгуулах,
5/Төв аймгийн Хөшгийн хөндийд барьж байгаа Олон улсын нисэх онгоцны буудал барих,
6/Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах дагуул хот байгуулах,
7/Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах холимог тээврийн ложистик төв байгуулах,
8/Шинээр барих олон улсын нисэх буудлын дэргэд Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болох эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг төслүүдийн урьдчилсан ажлууд хийгдсэн бөгөөд үүнтэй холбогдуулан хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах буюу солих тухай шийдвэрийг нэгдсэн журмаар гаргаж асуудлыг шуурхай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэх, сууршлын бүсийг нэмэгдүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулж, аж үйлдвэр, аялал жуучлал, худалдаа үйлчилгээ хөгжсөн, өрсөлдөх чадвартай, хот, сууринг шинээр байгуулж, дэд бүтцийг хөгжүүлэх нөхцөл, боломж бүрдэнэ гэлээ.
Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, О.Баасанхүү, Г.Баярсайхан, Х.Баттулга, С.Оюун нар санал хэлсэн юм. Тухайлбал, гишүүн Л.Эрдэнэчимэг, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зайлшгүй яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь бид Оюутолгой, Тавантолгой гэдгээс өөр юм ярих цаг нь болсон. Эдгээртэй дүйцэхүйц энэхүү томоохон бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал бараг шийдэгдсэн гэж хэлж болно. Иймд маш хурдан хугацаанд энэхүү төслийг явуулах бүрэн боломжтой. Эдгээр төслүүд хэрэгжээд эхэлбэл олон аж ахуйн нэгж, зам, барилгын компаниуд ажилтай болно. Гол нь ажил эхлэх гэхээр газрын асуудал дээр маш их гацаатай байдаг учир тусгай хамгаалалтад газруудаа яаралтай авч бүтээн байгуулалтын ажлуудаа түргэвчлэх шаардлагатай байгаа. Иймд ойрын үед чуулганаар энэ асуудалд түлхүү анхаарал хандуулж хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Мөн гишүүн Х.Баттулга, 1990 оноос хойш Засаг ээлжлэн солигдож, хамтраад явж байгаа ч 1947 онд баригдсан 1100 км төмөр зам, 1980-аад оны эхээр баригдсан Эрдэнэт үйлдвэрийн хүчээр л өнөөдөр амьдарч байна. Иймд Засаг хамтарч байх үедээ том ажлуудыг эхлүүлчихмээр байгаа юм. Харин ажиллах хүчийг хаанаас авах асуудалд анхаарах хэрэгтэй. Мэргэжлийн сургалтын төвийг төгссөн хүмүүс ажлын байраар тэр бүр хангагдаж чаддаггүй. Иймээс бүтээн байгуулалт эхлэхэд хаана ямар мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байгааг урьдчилан тооцож, түүнийгээ Мэргэжлийн сургалтын төвүүдтэй уялдуулснаар бүтээн байгуулалтад монголчуудаа ажиллуулна гэсэн санааг дэмжих хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн юм. Гишүүн О.Баасанхүү, яригдаж байгаа төсөл, хөтөлбөрийг шуурхай явуулах ёстой ч иргэдийн эрхийн асуудалд анхаарал хандуулж, маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Маш олон хүмүүсээс хувийн өмч рүү халдлаа гэсэн өргөдөл ирүүлдэг. Газар чөлөөлөлтөөс болоод маш олон хүний эд хөрөнгө, сүйдэх, устах асуудал гараад ирэхийг үгүйсгэхгүй. Танилцуулгад маш ерөнхий зүйл харагдаж байна. Үндэсний болон томоохон бүтээн байгуулалт гэж байгаагийн ялгаа нь юунд байгааг ч эргэж харах хэрэгтэй. Хууль аль болох олон жил үйлчлэх, нийтлэг, ерөнхий байх ёстой. Хэлэлцүүлгийн шатанд улам сайжруулах шаардлагатай гэв.
Байнгын хорооны хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 66,7 хувийн саналаар дэмжлээ.