Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2015.06.03/ үдээс хойш хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ асуудлыг тус байнгын хорооны өмнөх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан ч салбарын сайд болон ажлын хэсгийн зарим гишүүд хуралдаанд ирээгүйгээс уг асуудлыг хойшлуулсан юм. Ингээд Засгийн газраас энэ сарын 22-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат хийлээ. Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иенийн зээлийн гэрээг 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, мөн оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Төслийн зөвлөх компанийг сонгон шалгаруулах тендерт Японы Азуса Сэккэй, Ориентал консалтантс компаниудын хамтарсан түншлэл шалгарч нисэх онгоцны шинэ буудлын зураг төслийг боловсруулах ажлыг 2011 онд дуусгажээ. Харин төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы Мицүбиши-Чиёода хамтарсан түншлэл шалгарсан байна. Хоёр тал бүтээн байгуулалтын ажлын гэрээг 49.5 тэрбум иенээр байгуулах тохиролцоонд хүрсэн боловч төсөвт өртгөөс хэтэрсэн тул гэрээ байгуулах нөхцөл бүрдээгүй аж. Иймд нэмэлт зээл авах асуудлыг Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх шийдвэр гаргажээ. Энэ үндсэн дээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар нэмэлт зээлийн асуудлыг хэлэлцэн дэмжиж Засгийн газарт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг зөвшөөрсөн тул Иргэний нисэхийн ерөнхий газар болон Мицүбиши, Чиёода түншлэлийн хооронд бүтээн байгуулалтын ажлын гэрээг нийт 49.5 тэрбум иенээр гүйцэтгэхээр байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн аж. Харин Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ажлын хэсэг нэмэлт зээлийн хэмжээг нийт 36.8 тэрбум иен байхаар тооцсон байна. Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүн Ж.Энхбаяр энэ зээл нь эдийн засгийн өгөөжтэй эсэхийг тодруулахад уг төслийн захирал Ч.Энхбат “Энэ нь зээлийн нөхцөл сайтай төсөл, мөнгөн дүнгийн хувьд ашигтай гэж үзсэн байгаа. Одоогийн Чингис хаан нисэх буудал ашиглалт муутай байгаа нь нисэх зурвастай холбоотой. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор онгоц хөөрч, буух зурвас нэмэгдэж 98 хувийн ашиглалттай байх тооцоо гарсан. Мөн нислэгийн цуцлалт багасах сайн талтай” гэсэн хариулт өгөв. Ингээд төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжив.