Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2015.06.03/ үдээс хойш хуралдаж, Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлүүд болон Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлүүдийн талаар хэлэлцлээ. Өргөдлийн байнгын хорооноос Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах нээлттэй сонсголыг энэ оны 4 дүгээр сарын 29-нд зохион байгуулсан бөгөөд уг асуудлыг албажуулах зорилгоор байнгын хорооны хуралдаанаар оруулж буйг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хуралдааны эхэнд танилцуулав. Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд хэлэлцүүлэхээр дараах асуудлуудыг оруулж хэлэлцүүлэв. Үүнд:
1.Төрийн албан хаагчийг улс төрийн албан тушаалтан томилж чөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн хууль эрх зүйн орчныг төрийн алба улс төрөөс ангид байх зарчимд нийцүүлэн өөрчлөх чиглэлийг Засгийн газарт өгөх. Мөн Засгийн газар, яам, агентлагуудын хэмжээнд төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр чөлөөлсөн, хууль зөрчин томилсон шийдвэрүүдээ хүчингүй болгох, хуульд нийцүүлэх арга хэмжээ авч ажиллах.
2. Байнгын хорооны тэмдэглэлээр Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг, мэдээлдэг байгууллагууд болох Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт холбогдох хуулиудын хэрэгжилтэд хяналт тавьж, хариуцлага тооцож ажиллах.
Гишүүд санал, асуулга тавьж холбогдох албаны хүмүүсээс хариулт авсны эцэст Өргөдлийн байнгын хорооны танилцуулга, дүгнэлтийг Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, төрийн албаны шинэчлэлийг иж бүрнээр нь хийхтэй холбогдуулан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий гишүүн М.Батчимэгээр ахлуулсан Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэгт хүргүүлэх тогтоолыг олонхын саналаар баталлаа.