Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2015.06.03/ үдээс хойш хуралдаж, Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэж Боловсролын тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар Байнгын хороонд ирүүлсэн өргөдлүүдийн дагуу хуулийн хэрэгжилтийг судлан байнгын хороонд танилцуулах ажлын хэсгийг байгуулсан талаар байнгын хорооны дарга О.Баасанхүү танилцуулав. Дараа нь гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, саналаа хэлэв. УИХ-ын гишүүн С.Одонтуяа санал хэлэхдээ, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого болон бусад холбогдолтой асуудлаар би ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Саяхан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль буруу орж ирсэн. Энэ үйлчилгээ нь улсын болон хувийн цэцэрлэгтэй өрсөлдөхүйц харагдаж байна. Монгол Улсад хамгийн сайн хөгжиж байгаа нь цэцэрлэг юм. Иймд энэ стандартаас ухрахгүйн тулд бид бүгдийг өөрчилсөн. Энэ тогтолцоог хөгжүүлэхийн тулд Хүүхэд харах үйлчилгээ нь аливаа цэцэрлэгийн өрсөлдөгч биш байхаар бид дахиж зассан. Өөрөөр хэлбэл, энэ үйлчилгээг аж ахуй нэгж биш зөвхөн иргэн хүн эрхлэхээр тусгасан байгаа бөгөөд нэг ангид дээд тал нь 3-5 хүүхэд байна. Мөн өдөр өнжүүлэх төвийн талаар ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Иймээс энэ асуудлыг нэн яаралтай хууль, тогтоомжид тусгаж өгөх саналтай байна” гэв. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийн талаар гишүүдийн гаргасан саналыг төсөлд тусган тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж тус тогтоолыг олонхын саналаар баталлаа.