БНХАУ-ын эрүүл ахуй, хорио цээрийн албаныхан ирэх сард манай улсад ажиллана. Тэд мах, махан бүтээгдэхүүн худалдаж авах талаар хэлэлцэхээр ирэх юм. 1.3 тэрбум хүн амтай “аварга” зах зээлийн өчүүхэн хэсэгт л нь мах, махан бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд манайхан хувиа борлуулж, довоо шарлуулчихна. Мөн БНХАУ-ын нутаг дэвсгэрээр мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэх зөвшөөрөл авах саналыг энэ үеэр манай талаас тавих аж. Хятадын нутгаар мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэх зөвшөөрөл авчихвал далайн тээврээр олон улсад борлуулах нөхцөл бүрдэнэ. Далайн чанад дахь вьетнамчууд манайхаас мах авах хүсэлтээ өнгөрсөн гуравдугаар сард илэрхийлсэн. Тэд мах, махан бүтээгдэхүүн, хонь, ямааны мах худалдаж авах сонирхолтой байгаа юм. Улмаар Хүнс, хөдөө аж ахуйн яамныхаа Гадаад харилцааны хэлтсийн дарга Нүин Ань Минь тэргүүтэй төлөөлөгчдөө манай руу илгээжээ.
Тэд Монголын мал нядалгааны 15, мах, махан бүтээгдэхүүний зургаан үйлдвэртэй танилцсан. “Хэдэн үйлдвэр шалгуурт нь тэнцсэнийг удахгүй дуулгана” гэж ХХААЯ-ныхан ярьсан. Манай улс 52 сая малтай. Нийт мал сүргийн 13 хувийг адуу, үхэр, тэмээ эзэлдэг. Тэгвэл хонь, ямаа 87 хувийг нь бүрдүүлдэг. Тодруулбал, Монгол Улс 23 сая хонь, 22 сая ямаатай. Иймээс адуу, үхрийн мах их хэмжээгээр экспортлох боломж хомс. Тэмээний мах экспортлох тухай бүр ч ярилтгүй. Учир нь манай улс 350 мянгахан тэмээтэй. Харин жилд таван сая орчим толгой бог нядалж, махыг нь экспортлоход сүргийн бүтэц алдагдахгүй гэж салбарын яамныхан үзэж байгаа. Одоогоор манай улс ОХУ руу мах экспортолж буй. Гэвч оросууд хонь, ямааны мах худалдаж авах сонирхолгүй байдаг. Тиймээс үхэр, адууны мах бага хэмжээгээр нийлүүлж байна.
Харин Вьетнам улс хонь, ямааны мах худалдаж авах санал тавьсан нь манай сонирхолтой яв цав нийцэж буй. Хонь, ямааны махаа борлуулж чадвал бид хожно. Дэлхийн зах зээлээс овойж оцойсон биш ч, тодорхой хэмжээний ашиг олно. Мал сүргийн бүтцийг хадгалж чадна. Вьетнам улс жилд 100 мянган тонн орчим мах импортоор худалдаж авдаг аж. Хятад, Оростой харьцуулахад жижиг зах зээл. Гэхдээ хоёр талын сонирхол уулзаж байгаа нь хамгийн чухал юм. Нэг нь хонь, ямааны махаа зарах, нөгөө нь худалдаж авах сонирхолтой байна. Тэгэхээр хятадуудтай хэл амаа хэрхэн ололцохоос бүх зүйл хамаарах нь. Тэд зөвшөөрвөл Монголын маханд нэг шинэ зах зээл нээгдэнэ гэсэн үг. Монгол, Вьетнам хоёр орны Засгийн газар хоорондын 16 дугаар хуралдаан ирэх наймдугаар сард Улаанбаатар хотод болно. Энэ үеэр махны экспортын асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр тогтжээ.
Вьетнамын төлөөлөгч Нүин Ань Минь “Хоёр орны худалдааны жилийн эргэлт 16 сая ам.доллар байсан. Сүүлийн жилүүдэд өсөж, 20 сая ам.долларт хүрлээ. Махны худалдааны гэрээ хэрэгжих бүрэн үндэстэй” гэж ярьжээ. Тэгэхээр Вьетнам руу мах экспортлох эсэх нь хятадуудтай хийх долдугаар сарын хэлэлцээний үр дүнгээс хамаарах нь тодорхой боллоо. Хятадууд манайхаас мах, махан бүтээгдэхүүн худалдаж авах сонирхолтой байгаа. ХХАА-н дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан төлөөлөгчид урд хөршийн Бээжин, Хөх хотод Монголын мах, махан бүтээгдэхүүнийг танилцуулж, хорио цээрийн албаныхантай уулзсан. Бүх Хятадын Хяналт шалгалт, хорио цээрийн газрын дэд дарга Ү Жин Хайтай хорио цээрийн нөхцөлөө нарийвчлан тохирч чадвал том зах зээлүүдээ дэлгэнэ. Тэр долдугаар сард манай оронд саатах юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлахдаа нэг сая малын мах экспортлох аман тохиролцоо хийсэн. Исламын шашинтнууд голдуу хонины мах иддэг. Тэгэхээр нэг сая хонь борлуулах боломжтой гээд ойлгочиход гэмгүй.
Ерөнхий сайд АНЭУ-д мах нийлүүлэхдээ ямар саванд боох гэх мэт нарийн ширийн зүйл ярьж буй. Гэтэл салбарын яамных нь мэргэжилтнүүд “АНЭУ-д мах экспортлох үүрэг, чиглэл өгөөгүй” гээд тоосон шинж алга. Лалын шашинтнууд хоолойг нь хэрчиж, цусыг нь юүлэх аргаар мал төхөөрдөг. Халал хэмээн нэрлэдэг энэ аргыг эрүүл ахуйд хамгийн тохиромжтой гэж үзэх нь бий. Лалын шашинтнууд халал аргаар төхөөрсөн малын мах авна гэсэн гол шалгуур тавьдаг. Энэ аргыг нядалгаанд хэрэглэхийн тулд “Халал сертификат” гэдгийг Лалын шашны холбооноос заавал авах ёстой юмсанж. “Баруун Монгол” компани халал аргаар хонь төхөөрч, Араб руу нийлүүлж байсан туршлагатай. Мөн “Мах импекс” компани Кувейт рүү бага хэмжээний мах экспортолж байсан. Өөрөөр Арабын ертөнц руу мах экспортолсон удаа манайханд байхгүй. АНЭУ-д их хэмжээний мах экспортлохоор болбол халал аргаар мах бэлтгэдэг үйлдвэр байгуулах шаардлагатай гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярьсан.
Ядахдаа л одоо ажиллаж буй үйлдвэрийн тоногт төхөөрөмжийг уг аргад нийцүүлж таарах байлгүй. АНЭУ-д хонины мах 4.2 фунтын үнэтэй байгааг www.indexmundi.com цахим хуудаст тэмдэглэжээ. Тэнд үхрийн мах илүү үнэтэй байдаг бөгөөд дээрх сайтад мэдээлснээр 7.8 фунтын ханштай байна. Монголын зах зээлд нэг фунт 2895 төгрөгтэй тэнцэж байгаа. Тэгэхээр хонины килограмм мах АНЭУ-д 12 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна гэсэн үг. Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар Монголд хонины мах 7000 төгрөгийн үнэтэй байв. Халал аргаар мал нядалдаг үйлдвэр байгуулна, харилцан тохиролцоно, чөлөө зөвшөөрлөө авна гээд Араб руу мах экспортлоход нэлээд хугацаа шаардагдах бололтой. Харин хятадууд зөвшөөрвөл “урд айл” болон Вьетнамд ирэх намраас мах экспортлох боломжтой гэнэ.
Т.ЭНХБАТ