Дөрвөн настай охиныг хэрцгийгээр зодож, амийг нь бүрэлгэсэн, бага насны хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, амь насанд нь аюул учирсан үед эмнэлгийн тусламж үзүүлээгүй хэрэгт холбогдоод байгаа Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүх хурлыг энэ сарын 17-ны 10.00 цаг хүртэл хойшлуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. Тахарын албаны Хуяглан хүргэх хэлтсийнхэн шүүгдэгч Г.Маралмаа, Т.Цогт нарыг 10.00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хүргэж ирсэн аж. Шүүхийн түр саатуулах байранд хурал эхлэхийг хүлээж суусан Г.Маралмаа төд удалгүй доошоо цус алдаж, муужран унасан байна. Түүний өмгөөлөгч, шүүхийн ажилтнууд Яаралтай тусламжийн төвийн эмч нарыг дуудаж, энэ хооронд шүүхэд байрладаг эмч анхны тусламж үзүүлжээ.
10.40 цагийн үед Г.Маралмааг Яаралтай тусламжийн төвийн эмч ирж үзээд хэвтүүлэн эмчлэх шаардлагатай гээд нийслэлийн Амгалан амаржих (хуучнаар III төрөх) газар руу хүргэсэн бөгөөд энэ бүхэнд нь тахарын албаны хянагч дагаж явсан юм. 11.00 цагт хурал эхлэхэд шүүх хурлын танхимд Т.Цогт ганцаараа орж ирэв. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ирц танилцуулахдаа Г.Маралмаа бие нь муудаж, хүлээх өрөөнөөс эмнэлэгт хүргэгдсэн, иргэдийн төлөөлөгчөөр оролцох хүн ирээгүй, бусад бүх оролцогч ирснийг хэлсэн. Ирцтэй холбоотойгоор улсын яллагч Д.Цолмон “Шүүгдэгчийн бие муудсан тул хурлыг хойшлуулж, Г.Маралмааг байлцуулан хурал хийх саналтай байна” гэж хэлсэн. Шүүгдэгч эмэгтэйн өмгөөлөгч М.Хувцагаан “Миний үйлчлүүлэгч Цагдан хорих ангиас шүүхийн байранд ирсэн боловч бие нь муудан, доошоо цус ихээр алдаж, ухаан алдаад хүчтэй татсан.
Тиймээс Яаралтай тусламжийн төвийн эмч нарыг хэд хэдэн удаа дуудаж байж эмнэлэгт хүргүүллээ. Г.Маралмаа 21-22 долоо хоногтой жирэмсэн, тонус өгснөөс ийм байдалд хүрлээ. 461 дүгээр ангиас ирэхдээ хоёр ч тариа хийлгэхээр эмчийн бичигтэй ирсэн” гээд хурлыг хойшлуулах саналаа илэрхийлсэн. Хохирогчийн өмгөөлөгч “Г.Маралмаад авсан таслан сэргийлэх арга хэмжээ юу болсон бэ. Эмнэлэгт хүргэхэд нь хуяг дагалдаж явсан юм уу” хэмээж байлаа. Шүүх хурал даргалагч шүүгч Б.Мөнхбаяр “Таслан сэргийлэх арга хэмжээ хэвээрээ, тахарын албаны хуяг дагалдаж яваа” гэж хэлснээр хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчийг хуралд оролцуулах саналаа илэрхийлж, хойшлуулахыг дэмжив.
Харин энэ үеэр өмгөөлөгч М.Хувцагаан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний үйлчлүүлэгчийн эсрэг янз бүрийн дайралт гарч байна. Шүүгдэгч ч гэсэн хүн. Хүний эрхийг хамгаалах үүднээс хурлыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийлгэж өгөөч” гэсэн хүсэлт тавилаа. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хурлыг хойшлуулах тогтоол гаргахын зэрэгцээ өмгөөлөгч М.Хувцагааны хүсэлтийг хүлээн авч, Цагдан хорих 461 дүгээр ангид Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хийхээр тогтлоо.
14.00 цагийн үед Цагдан хорих төвийнхнөөс авсан мэдээллээр Г.Маралмааг тус ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхэлсэн бөгөөд биеийнх нь байдал тогтворжсон гэнэ. Жирэмсэн хүн сэтгэл санаа хямарч, тогтворгүй байгаа болохоор биед нь ийм өөрчлөлт орсон байх хэмээн төрөх эмнэлгийн эмч нар хэлж буй юм. Мөн энэ өдөр тус шүүхэд олны анхаарал татсан, “Ноёд” группийн захирал Г.Буяндорж нарын таван хүнд холбогдох нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн, бусдыг гүтгэсэн гэх хэргийн шүүх хурал болох байсан ч энэ сарын 15 хүртэл хойшилсон юм.