Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хурлаар Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Н.Ууганбаярын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хэлэлцлээ. Тэрбээр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ЭЦГ-ын даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд гүйцэтгэх ажил явуулсан гэсэн үндэслэлээр ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Баатаржав ажлаас нь халсныг эсэргүүцэн шүүхэд хандсан юм.
Нэхэмжлэгч Н.Ууганбаяр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны наймдугаар сарын 29-ний “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” 526 дугаар тушаалын хоёр, гурав дахь заалтын Н.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө ажиллаж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, хурандаа цолыг буцаан олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэл шүүхэд гаргасан аж.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх уг хэргийг 2014 оны арванхоёрдугаар сарын 11-нд хэлэлцээд Н.Ууганбаярын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хурлаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Ингэснээр ЦЕГ-ын даргын 2014 оны 526 дугаар тушаалын Н.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тус газрын даргаас гаргуулж олгохоор болов.