Йозеф Блаттер Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ын ерөнхийлөгчөөр дараалан тав дах удаагаа сонгогдлоо. Түүний цорын ганц өрсөлдөгч, Иорданий ханхүү Али бен-Хусейн хоёрдугаар шатанд санал хураахад оролцолгүй нэрээ татав. Энэ сонгуулийн босгон дээр холбооны эргэн тойронд үүссэн авлигын дуулиан шуугиан нэр дэвшигчдийн байдлыг өөрчилсөн юм. Энэ шуугиан дэгдэхээс өмнө Блаттерын хялбархан ялалтад хэн ч эргэлзэхгүй байв. Өрсөлдөгчөөс нь ердөө Иорданий ханхүү л үлдсэн байлаа. Бусад өрсөлдөгч нь болох “Алтан бөмбөг-2000”- ын эзэн Луиш Фигу, Нидерландын вангийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Михаил Ван Праг нар өрсөлдөхөөс татгалзсан юм. Тэгэхдээ эд сонгуулийн дүнг Алигийн талд ашигтай болгохыг эрмэлзсэн. АНУ-ын Хууль зүйн яамны хүсэлтээр Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ны ажлын хүрээнд ФИФА-гийн хэд хэдэн төлөөлөгчийг Швейцарьт баривчилсан нь Блаттерын нэр хүндэд сүүдрээ тусгав. Баривчлагдсан хүмүүсийг хэд хэдэн хэрэгт буруутгасны дотор тэднийг авлига авсан, мөнгө угаасан гэж үзсэн байлаа. Хөлбөмбөгийн 2018, 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах орнуудыг тодруулсан сонгуульд эргэлзээ төрүүлэм мэдээлэл гарч ирэв.
Блаттерыг үүнтэй холбогдуулж байцаагаагүй ч түүний байр суурь тийм ч найдвартай биш байлаа. Дараагийн цохилт Европын хөлбөмбөгийн холбоонд тохиов. Европчууд эхлээд сонгуулийг хойшлуулахыг уриалж байснаа холбооныхоо тэргүүн Мишель Платиний үгийг дэмжин аль-Хусейн рүү хошуурцгаав. Блаттерыг илт шүүмжилж зүрхлээгүй Платини суудлаа сайн дураар тавьж өгөхийг Блаттераас хүсээд, Цюрихд болох их хурал дээр Иорданий ханхүүг дэмжихээ мэдэгдлээ. Тэгвэл Африк тив бараг бүхэлдээ, Ази, Америкийн нэлээд орон Блаттерын төлөө саналаа өгөв. Оросын Хөлбөмбөгийн холбоо мөн түүнийг дэмжинэ гэдгийг тэргүүн Николай Толстых нь урьдчилан илэрхийлсэн байна. Үүнд гайхах юмгүй, 2018 оны ДАШТ-ийг Орост зохион байгуулах болсон нь түүний дэмжлэгтэй холбоотой юм.
ОУХХ-ны хувь заяаг шийдвэрлэх өдрийн өглөө хэн нэг нь цагдаагийн газар руу утасдаж, байранд нь бөмбөг тавьсан гэж хэлсэн байна. Тиймээс холбооны байрыг чөлөөлж, шалгалт хийгээд “Ямар ч аюулгүй” хэмээн илтгэжээ. Израилийг холбооноос гаргахыг Палестинийн төлөөлөгч уриалж байхад хүмүүс танхимд буцаж ирж амжаагүй байв. Гэвч тэд хэл амаа ололцож гар бариад байтал Блаттерыг ерөнхийлөгчөөр улиран сонгогдвол Орост болох ДАШТ-д саад хийнэ гэж англичууд мэдэгдлээ. Блаттер санал хураах өдөр цугларагсдын өмнө үг хэлэхдээ тэдэнд үнэнийг ойлгуулахыг чармайж холбооныхоо нэр хүндийг сэргээхийг хичээж байлаа. Нэр нь сэвтсэн зарим хүн холбооны нэр хүндийг бүхэлд нь бохирлох ёсгүй гэж тэрбээр индрээс хэлэв. Ханхүү Алид санал хураахын өмнөхөн үг хэлэх боломж олгоход “Ажил хэрэг муу байхад би та нарын ард нуугдаж, ажил бүтэлтэй байхад өмнө чинь алхахгүй. Өөсдийнхөө үзэл бодлоор сонголтоо хийцгээгээрэй.
Би холбооныхоо хаалгыг дэлхийн өмнө цэлийтэл нээнэ. Энэ хариуцлагатай суудал дээрээс би хүний эрхийг хамгаална” гэлээ. Сэтгүүлчдийн үзэж байснаар ханхүүгийн төлөө 50 хүн саналаа өгөх байв. Платини болохоор аль-Хусейн зөвхөн Европоос 45-49, бусад тивээс 60 санал авна гэж үзэж байлаа. Ялахын тулд хэн нэг нь эхний шатанд саналын гуравны хоёрыг авах шаардлагатай байв. Дүн гарахад Блаттер 133 санал авч, эхний шатанд ялахад долоон санал дутчихав. Ханхүү 73 санал авчээ. Санал дахин хураах нь тодорхой болоод байтал Али тайзан дээр гарч ирээд нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. Ийнхүү 79 настай швейцарь эр Зепп Блаттер ФИФА-г дахин тэргүүлэхээр боллоо. Блаттерт дэлхийн хөлбөмбөгийнхөн дунд дайсан хангалттай бий. Энэ спортын хүчирхэг тив Европ бүхэлдээ түүний эсрэг байлаа. Оросын Спортын сайд Виталий Мутко холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг ардчилсан зарчмаар болсон, Блаттер ялсан нь шударга явдал гэж үнэлэв. Тэрбээр тухайн үед Швейцарьт байсан бөгөөд 60 санал нэмж авч ялах боломжгүйг ханхүү Али ойлгосон, ухаалаг хандсан гэж хэлсэн байна.
2018 онд Орост болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг тасалдуулах гэсэн АНУ, Английн өдөөн хатгалга нурав. Гэхдээ Блаттер одоогийн албан тушаалдаа нэг жил ч тэсэхгүй гэж одоо Лондон хэлэхээс зовохгүй байна. Дэмий л юм хийж байна даа, ноёдоо хэмээн Кадыров цахим хуудсандаа бичжээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа сонгуульд Блаттер ялсанд ямар нэг тайлбар өгөхөөс татгалзав. Харин эдний Хөлбөмбөгийн холбоо өөрийн сайтад албан ёсны мэдэгдлээ тавьсан байна. Түүнд “Бид сонгуулийн үр дүнд урам хугарсан ч холбоонд дорвитой өөрчлөлт хийх зорилгоосоо ухрахгүй. Холбооны удирдлагыг хариуцлага хүлээдэг, тунгалаг, гагцхүү тоглолтын эрх ашигт төвлөрдөг байлгах нь бидний зорилго. Холбоонд чухам ийм байдал дутагдаж буй бөгөөд энэ спортыг хайрладаг хүмүүс ч ийн шаардаж байгаа юм” гэж өгүүлжээ. Английн Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Грег Дайк “Тэрбээр (Блаттер) 16 жил өөрчлөлт хийсэнгүй. Энэ байдлыг холбоо дотроо хэлэлцэх байлгүй. Энэ бол эхлэл болохоос төгсгөл биш” гэж хэлсэн байна. Сонгуульд ханхүү Алиг дэмжиж өөрийн нэрийг татсан Португалийн иргэн Луиш Фигу болохоор Блаттер дахин сонгогдсоныг холбоо болон хөлбөмбөг, түүний төлөө санаа тавьж байдаг бүх хүн ялагдлаа. Хөлбөмбөгийн төлөө сэтгэл жаахан ч гэсэн зовдог байсан бол улиран сонгогдохоос татгалзах байсан.
Хэрэв түүнд бага ч гэсэн шударга чанар байдаг бол тун ойрын үед огцрох ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Дэлхийн хөлбөмбөгийн холбооны боловсон хүчний бодлогод нөлөөлөх гэж оролдохгүй байхыг АНУ-д ОХУ-ын Гадаад хэргийн яам уриалав. Дэлхийн хөлбөмбөгийн холбооны найм дахь ерөнхийлөгч Йозеф “Зепп” Блаттер 1936 оны гуравдугаар сарын 10-нд Швейцарьт төржээ. Лозанны их сургуулийн хуулийн салбарыг 1956 онд дүүргэж, Швейцарийн спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн болсон байна. 1948-1971 онд улсынхаа хөлбөмбөгийн нэгэн клубын нэрээр тоглодог байв. 1962 оноос аялал жуулчлал эрхэлдэг фирмд алба хашжээ. 1964 онд Швейцарийн Хоккейн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болов. 1972 онд Longines фирмийн төлөөний хүний хувиар Мюнхений олимпийн тоглолтын бэлтгэл ажилд оролцлоо. 1975 онд Дэлхийн хөлбөмбөгийн холбооны техникийн захирал боллоо. Тус холбооны ерөнхийлөгч Жоао Авеланж түүнийг ерөнхий нарийн бичгийн даргаар томилов.
1998 онд Хөлбөмбөгийн ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөөнд Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Леннарт Юханссоныг ялж сонгогдлоо. Дараа жил нь ОУОХ-ны бүрэлдэхүүнд багтлаа. ОУХХ-ны түнш ISLIISMM компани дампуурсантай холбоотой шуугианы төвд түүний нэр сонсогдов. 2015 онд Холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн авлигатай холбоотой хэл аманд Йозеф Блаттер бас өртлөө. Үүнтэй холбогдуулж хоёр дэд ерөнхийлөгчийг нь таван өндөр албан тушаалтны нь хамт баривчиллаа. Хэвлэлүүдэд Блаттерыг “Энэ зууны хамгийн их амжилт олж буй цус урсгаагүй дарангуйлагч” гэсэн алдар хайрлалаа. Ядуу орнуудын хөлбөмбөгийн холбооныхон түүнийг бурхан мэт үзнэ. Доминикан улсын холбооны тэргүүн Осирис Гузман саяхан Блаттерыг Иисус, Нельсон Мандела, Уинстон Черчилльтэй зүйрлэсэн байсан. ФИФА нь үндэсний 209 холбоог нэгтгэсэн том корпорац юм. Сүүлийн дөрвөн жилд буюу 2014 оны арванхоёрдугаар сар гэхэд ФИФА 5.72 тэрбум ам.долларын орлоготой болсон байв.
Орлогын гол эх үүсвэр нь хөлбөмбөгийн тэмцээнийг дамжуулах эрхийг худалдах явдал юм. ФИФА бас ивээн тэтгэгчидтэй бөгөөд эдний тоонд Coca-Cola, Nike, Adidas ордог. Дөрвөн жилд ФИФА тэднээсээ 1.6 тэрбум ам.доллар авсан байна. “Энэ байгууллагыг авлигад идэгдсэн хүмүүс удирддагийг мэддэг хэрнээ ивээн тэтгэгчид нь мөнгөө өгсөөр байдаг” гэж 1984- 2003 онд уг холбоонд ажиллаж, Блаттерын зөвлөх ч хийж явсан Гвидо Тоньони хэлсэн байна. Мөнгө хөрөнгийг хэрхэн зарцуулдаг нь хэнд ч тодорхой мэдэгддэггүй аж. Ихэнх нь ДАШТ зохион байгуулах болон ажилтнуудын цалин, бусад зүйлд зориулагддаг гэнэ. Блаттер ямар цалинтайг ихэд нууцална. Нэгэн эх сурвалжийн үгээр бол тэрбээр бонусаас гадна нэг сая швейцар франк жилд авдаг гэнэ. Сонгуульд ялах эрдэмд Блаттерийг мөнөөх Жоао Авеланж сургасан гэж үздэг юм байна. Авеланж мөнгө өгвөл саналаа нэмэрлэхээс буцдаггүй ядуу орнуудад түшиглэдэг байсан арга барилыг нь Блаттер ч хэрэглэсээр ирсэн гэж Bloomberg тэмдэглэсэн байх юм.
Блаттер анх 1998 онд сонгуульд ялсан бөгөөд түүний өмнө тэрбээр Азийн хөлбөмбөгийн холбоог тэргүүлж байсан Мохаммед бин Хаммамын онгоцыг хэрэглэн Африкийн орнуудаар явжээ. Санал хураахын өмнө Африкийн төлөөлөгчид тус бүр нь 50.000 ам.доллар авч байсан гэж Дэвид Яллол “Тэд тоглолтыг хэрхэн хулгайлсан бэ” хэмээх номондоо бичсэн байдаг аж. Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн байсан, Блаттертэй өрсөлдөж явсан Леннарт Юханссон тэр үед “наймаа” хийснийг гэрчлэх хүмүүс бий хэмээн ил цагаан хэлсэн байна. 2003 онд ээлжит сонгуулийн өмнөхөн ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга буюу байгууллагадаа Блаттерын дараа орох Мишель Цен-Руффинен бэлтгэсэн илтгэлдээ өөрийн даргыг эрх мэдлийг булааж авсан хэмээн буруутгасан байдаг аж. “ФИФА өнөөдөр дарангуйлагч, Блаттерын хувийн байгууллага болсон” гэж Мишель бичиж байжээ. Тэрбээр бас Блаттерийг үрэлгэн ханддаг хэмээн зэмлэж байсан байна.
Харамсалтай нь Блаттерийн эсрэг юу ч хийгээд нэмэр болсонгүй. Африкийн орнуудыг Блаттерийн эсрэг санал өгүүлэх гэж европчууд оролдсон ч 2002 оны сонгуульд Блаттер илт давуугаар ялжээ. Ийм маягаар Блаттер үүнээс хойших сонгуульд хоёр ч ялалт байгуулсан аж. 2011 онд Блаттер Самоагийн нийслэл Паго-Паго хотод нисэж очжээ. Далайн орнуудын хөлбөмбөгийн холбооны уулзалт болсон аж. Үндэсний холбоо (209 байгууллага) бүрт 300 мянга, тив, бүс нутгийн холбоо (зургаа байдаг) тус бүрт 7.5 сая ам.доллар өгнө гэж Блаттер зарласан байна. Далайн орнуудын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Ли Хармон тэгэхэд “Блаттер ерөнхийлөгч болохоос өмнө ФИФА бидэнд алга тэнийлгэдэггүй байсан шүү дээ. Яагаад түүний төлөө саналаа өгөх ёстойгоо одоо л ойлголоо” гэж хэлж байжээ. ФИФА-д холбоо бүр тэгш эрхтэй. 5000 хүнтэй Монтсеррат, 200 сая хүн амтай Бразил хоёр адилхан. Тийм болохоор ФИФА НҮБ-аас олон гишүүнтэй байх нь Блаттерт ашигтай. Энэ онд хөлбөмбөгийн холбоо бүр ФИФАгаас 300 мянган ам.доллар авна. Түүнээс гадна цэнгэлдэх хүрээлэн барих, дэд бүтцээ хөгжүүлэхэд зориулж холбоонууд түүнээс мөнгө хүсэх эрхтэй байдаг.
ФИФА-гийн гүйцэтгэх хороонд орсон хүн жилд 300 мянган ам.доллар авч, таван одтой зочид буудалд байрлах гээд давуу эрх эдэлдэг. 2011 онд улиран сонгогдоод Блаттер орон бүрийг ФИФА-гийн нэг хорооны гишүүн болгохоор амласан бөгөөд энэ тохиолдолд тус бүрт нь өдөрт 300 ам.доллар олгож, онгоцны бизнес суудлаар зорчуулж, бүх зардлыг нь хариуцдаг журамтай. ФИФА-д тогтвортой байдал ноёрхож, Блаттер олон жил түүнийг удирдсан ч мөнгөө зарцуулах үр ашигтай тогтолцоо бий болгож чадсангүй. Өөрийн гэсэн төв байртай болох, үндэсний багтаа хөлбөмбөгийн талбай байгуулж өгөхөөр Каймановын арлууд хоёр сая ам.доллар аваад оффистой болсон ч газрын хөрс нь давслаг байснаас ганц талбай байгуулж түүнийг хиймэл зүлгээр бүрэхээс аргагүй болжээ. Өөр нэг баримт, хөлбөмбөгийн багаа цуглуулж байсан өдөр нь 2010 онд Гаитид газар хөдөлснөөс шигшээ багийн дасгалжуулагч нь амиа алдсан байна.
Эдний холбоонд 250 мянган ам.доллар өгөхөөр Блаттер маргааш нь амлаж, Өмнөд Солонгос 500 мянган ам.доллар хандивласан ч Гаити улсад түүнээс юу ч оногдсонгүй. Умард болон төв Америк, Карибын тэнгисийн сав газрын хөлбөмбөгийн холбоог тэргүүлж байсан Жек Уорнер 2011 онд ФИФА-гийн дэд ерөнхийлөгчийн албанаас хэл амтайхан огцорсон юм. Тэрбээр ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Трингдад Тобаго улсдаа бага хурал зохион байгуулж, Блаттер нисэх онгоцыг нь хэрэглэж байсан нөгөө Мохамед бин Хаммам үг хэлсэн байна. Энэ хүн Блаттерыг “унагааж” өөрөө сонгуульд ялахыг эрмэлзсэн бөгөөд Уорнер ч түүнийг дэмжжээ. Энэ бага хуралд оролцогч тус бүрт 40 мянган ам.доллар бэлэг болгож өгсөн гэдэг. Гаити улсад тохиолдсон явдлыг одоо хэр нь эцэслэн шийдэж чадаагүй байгаа бол Мохамед бин Хаммамыг хөлбөмбөгтэй холбогдохыг нь ФИФА хориглосон аж. Жек Уорнер авлигын хэргээр ХМТ-нд шалгуулж буй. Йозеф Блаттерыг бурханчилдаг гол хүнийг Жефри Уэбб гэнэ. Тэрбээр ФИФА-гийн одоогийн дэд ерөнхийлөгч, Умард болон Төв Америк, Карибын тэнгисийн сав газрын, Кайманы арлуудын хөлбөмбөгийн холбооны тэргүүний албыг хашиж ирсэн бөгөөд ФИФА-гийн ерөнхийлөгчийн суудалд суух хүн гэж Блаттер үздэг байв.
Уэбб ФИФА-д санхүүгийн асуудлыг нь эрхэлдэг, эх орондоо өөрийн гэсэн бизнестэй. Одоо түүнийг АНУ-ын хүсэлтээр баривчлаад байгаа. Йозеф Блаттерын намтарт Монгол Улстай холбоотой юм нэлээд бий. Хэвлэлд мэдээлснээс үзвэл түүнийг 2007 оны есдүгээр сард “Алтангадас” одонгоор шагнасан байна. 2011 онд ээлжит сонгуульд бэлтгэж байхдаа тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, хөлб өмбөгийн Азийн цомын тэмцээнийг 2035 онд, ДАШТ-ийг 2050 онд Монголд хийлгэхээр амлаж байжээ. Тэгэхдээ тэнгэр өршөөвөл 2050 онд Блаттер 105 настай байх юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол Блаттер ердөө долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө тав дахь удаагаа сонгогдсон Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)- ны ерөнхийлөгчийн албанаас огцорч буйгаа мягмар гаригт зарласан байх юм. ФИФА-гийн эрх ашиг юунаас ч илүү чухал байгаа учраас ийм шийдвэр гаргаснаа тэрбээр хэлжээ. Тус байгууллагын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг удахгүй хийх бөгөөд тэр болтол Блаттер үүргээ гүйцэтгэж байх аж.
И.РЭНЧИНХАНД