Улс орон даяар “Нийтийн биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт сургалтыг ЭМСЯ-ны Биеийн тамир, спорт хөгжлийн төвөөс шат дараатай зохион байгуулж байна. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр эл сургалтыг хангайн бүсийн зургаан аймгийн дунд зохион байгууллаа. Архангай аймагт болсон тус сургалтад Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Хөвсгөл, Булган, Архангай гэсэн аймгуудын Биеийн тамир, спортын газрын дарга, дасгалжуулагч, аргазүйчид болон биеийн тамир спортыг хөгжүүлэхэд уялдаатай ажиллах бусад төрийн байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн 70 гаруй хүнийг хамрагдсан юм.
Сургалтын талаар БТСХТ-ийн НБТСХХ-ийн дарга Ж.Тунгалагаас зарим зүйлийг тодрууллаа
“Нийтийн биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт сургалтыг танай төвөөс бүсчлэн зохион байгуулж байна. Сургалтын ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?
-Бид энэ жил нийтдээ дөрвөн бүсэд сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд гурав дахь бүсдээ сургалтаа амжилттай зохион байгууллаа. Орон нутгийнхан мэдээллээс хол, тэр бүр хотод очоод биднээс заавар зөвлөгөө, мэдээ мэдээлэл аваад байх бололцоо бага, өртөг зардал өндөр байдаг. Тиймээс орон нутагт байгаа энэ салбарын багш дасгалжуулагч, аргазүйч, холбогдох салбарын мэргэжилтнүүдийг газар зүйн байрлалаар нь бүсчлэн аль нэг аймгийг нь сонгож бид мэдээ мэдээллийг өгч байгаа юм. Мөн манайх хуучин хэлтэс байсан бол шинэ бүтцээр өөрчлөгдөж төв болсон. Тиймээс төвийн үйл ажиллагаа, салбар, хэлтсийн үйл ажиллагааг орон нутгийнхандаа сурталчилан таниулах, төвтэйгээ хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар орон нутгийнхан маань бүрэн дүүрэн мэдээлэлтэй болж авч байгаа. Энэ нь бидний цаашдын үйл ажиллагаанд ихээхэн тус дэмтэй гэж ойлгож болно. Бид бүсийн сургалтыг хийхийн тулд бүтэн жил бэлддэг. Олон төрлийн гарын авлагыг судалгаа, шинжилгээ харьцуулалтын үндсэнэ дээр бэлтгэж гаргадаг. Тухайлбал, биеийн тамир, спортын салбарын хууль эрх зүйн орчинд ямар шинэчлэлт өөрчлөлт гарав, олон улсын холбогдох байгууллагуудаас ямар санал, зөвлөмж гарав, үйл ажиллагааны хувьд цаашид хэрхэн явах вэ гэх гарын авлагуудаар орон нутгийнхыгаа хангаж байгаа юм. Нөгөө талаар хил залгаа, ойролцоо аймгуудын багш дасгалжуулагчид нэг нэгнээсээ туршлага судлах, бүсээрээ хамтарч ажиллах, тухайн жилийнхээ үйл ажиллагааныхаа чиглэл, зааврыг авах гээд тал бүрийн ач холбогдолтой.
-Орон нутаг дахь биеийн тамир, спортын салбарт гарч буй өөрчлөлт юу байна вэ?
-Сүүлийн жилүүдэд манай салбар ихээхэн шинэчлэгдэж, залуужсан байна. Тиймээс тэдэндээ чиглэсэн давтан сургалтыг өгөх хэрэгтэй байна. Практик мэдлэг боловсролыг нь олгох нь чухал. Өмнө жил сургалтад хамрагдсан хүн энэ жил ажлаасаа гарчихсан байх жишээтэй. Тиймээс сургалтад хамрагдсан хүмүүс өөрсдийн сурч мэдсэнээ орон нутгийнхандаа очоод хуваалцах, тэднийгээ уриалах үүргийг давхар хүлээдэг гэдгийг сайн ойлгуулж өгөх хэрэгтэй болж байна. Нөгөө талаар шийдвэр гаргах түвшний, удирдлагын хэмжээний төлөөлөл бидний сургалтад хамрагдах хэрэгтэй юм. Тэгж байж энэ салбарын ажил бодлогын хэмжээндээ цаашид амжилттай явна. Ер нь биеийн тамир, спортын салбарын орон нутгийн төсөв бага. Мөн боловсон хүчний орон тоо цөөн. Тиймээс бид тухайн орон нутгийн Эрүүл мэнд, Боловсрол, Нийгмийн хөгжлийн газрууд, аймгийн ЗДТГ зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллахыг жилээс жилд шаардаж байна. Энэ уялдаа холбоог улам бүр бэхжүүлэх нь бидний хувьд маш чухал. Ер нь хүний эрүүл мэндийн болоод, сэтгэл санааны хувьд эрүүл байх цаад суурь үндэс, зөв хүн болон төлөвших, нийгэмдээ дасан зохицох чадварыг биеийн тамир, спорт л олгодог. Энэ бүхнийг бид ойлгож, эрчимтэй үйл ажиллагаа явуулахыг нийгэм маань шаардаж байна.