“ХӨСҮТ-ийн эмч нар зургаан сартай охиныг оношилж чадахгүй байсаар хорвоогоос явууллаа” гэсэн гарчигтай бичвэрийг фэйсбүүк хуудас дахь сэтгүүлчдэд зориулсан “Өнөөдөр болох үйл явдал” группт иргэн З.Одончимэг гэх эмэгтэй нийтэлсэн байв. Тэрбээр “2015 оны тавдугаар сарын дундуур биеэр нь юм туурч ирсэн зургаахан сартай Болор-Уянга охиныг тус төвийн эмч нар улаанбурхан туссан гэж оношилж, эмнэлэгт хэвтүүлсэн. Гэтэл эмч нар хэд хоногийн дараа шинжилгээ авч, “Улаанбурхан биш байна, гэхдээ шинжилгээний хариу нь өөрчлөлттэй гарсан” гэж хэлсэн байсан. Охиныг эмчлэгч эмч Болормаа үзлэг хийх бүртээ “Уушги хатгаагүй, бие нь дээрдэж байна” гэсэн боловч тэр нялх амьтан сүүлдээ татаж, бие нь муудсан.
ХӨСҮТ-ийнхөн ЭХЭМҮТ-өөс хүүхдийн эмч дуудан үзүүлтэл “Уушги нь хоёр талдаа битүү хатгаатай байна” гэж тэднийг загнасан юм билээ. Тэд охины ээж Ж.Батчимэгт “Хүүхдийн ходоод цоорсон байж магадгүй” гээд Сэхээний тасаг руу шилжүүлсэн. Эмч нар нь “Өнөө шөнийг давчихвал маргааш хагалгаанд оруулна” гэж хэлсэн гэсэн. Маргааш нь нөгөө эмч нар “Ходоод нь биш, нарийн гэдэс нь цоорсон байж магадгүй. Дотуураа цус алдсан байна” гэсээр охины оношийг тодруулж чадаагүй. Дээрээс нь Болор-Уянга охиныг сэхээнд байхад “Түүнээс муу хүүхэд ирлээ” гээд энгийн тасаг руу шилжүүлсэн. Охин тасагт ирээд шөнөжин даралт унаж, бие нь муудсаар дахин сэхээнд орсон ч 2015 оны зургадугаар сарын 3-ны үүрээр өөд боллоо” гэж бичжээ.
Бид З.Одончимэгтэй холбогдож, учир байдлыг тодруулахад “Би Баянзүрх дүүргийн XX хороонд оршин суудаг. Хоёр сартай охин маань улаанбурхан туссан гэсэн оноштойгоор ХӨСҮТ-д ирсэн юм. Энд хэвтэн эмчлүүлж байхдаа охины ээж Ж.Батчимэгтэй нэг тасагт байсан. Надаас гадна хоёр ээж бий. Бид болсон бүх явдлыг харсан, гэрч гэж хэлж болно. Хүүхдээс минь ялгаа юу байх вэ гээд олон нийтэд хандсан минь энэ. Бид ХӨСҮТ-ийн Улаанбурхны тасагт хэвтэж байсан. Охины ээж Ж.Батчимэг “Эндхийн эмч нар хариуцлагагүй, бас их хайнга юм. Охин маань зогсолтгүй ханиалгаж, 38.5 градус хүртэл халуурч байхад жижүүр эмч нь олон цагаар алга болчихно. Сувилагч нар тайвшруулах, унтуулдаг тариа л хийдэг байсан. Охин маань эмнэлэгт ийм хүнд ирээгүй. Буруу оношилж, буруу эмчилснээс хүндэрсэн. Сэхээнд ухаангүй байхад нь хүртэл эмч “Манай талаас хийх юмаа хийсэн, улаанбурхны халдварлах хугацаа нь ч дууссан.
Тиймээс дүүргийнхээ эмнэлэг, эсвэл ЭХЭМҮТ рүү оч. Чиний л сонголт” гэж хэлсэн тухай нулимс дуслуулан бидэнд ярьсан. ХӨСҮТ-ийнхнийг ачаалалтай байгааг ойлгож байна. Гэхдээ тэдний хамгийн том алдаа нь улаанбурхан гэх оноштой ирсэн өвчтөнүүдээс шинжилгээ авч, мөн, бишийг нь тогтоолгүй таамгаар хэвтүүлэн эмчилж байна. Энэ удаа зургаахан сартай охиныг оношилж чадалгүй байсаар ховоогийн мөнх бусыг үзүүллээ. Охины ээж “Олон ээж над шиг хүүхдээ эрүүл саруул төрүүлчихээд эмч нарын буруугаас болж хагацал битгий үзээсэй” гэж хэлж байсан. Манай охиныг хүртэл эмнэлэгт хэвтээд дөрөв хоносны дараа “Улаанбурхан биш байна. 14 хоног сайн ажиглаарай, өвдөөд ирэх магадлалтай” гэж хэлсэн. Шинжилгээ хийлгэе гэхээр өртөг өндөртэй, урвалж бодис байхгүй гээд улаанбурхангүй хүмүүсийг өвчний голомтод хэвтүүлж болно гэж үү.
Охины ээж даруухан эмэгтэй учраас юм хэлэхгүй байсан. Цуг хэвтэж байсан ээжүүдийн зарим нь хэл ам хийгээд эмнэлгээсээ хөөгдсөн. Мөн нэг хүүхдийг улаанбурхантсан байна гээд хэвтүүлчихээд хэд хоногийн дараа “Биш байна” гэсэн. Гэтэл нөгөө хүүхэд эмнэлгээс халдвар авчихаад буцаад ирсэн” гэж ярилаа. Талийгаач охины ээж Ж.Батчимэг Баянгол дүүргийн 20 хороонд оршин суудаг юм байна. Тэрбээр таван настай нэг хүүтэй аж. Хүүхдээ алдсан эх хүний сэтгэл ямар байгааг үгээр илэрхийлэшгүй. Гэсэн ч тэр шүд зуун байж болсон явдлыг бидэнд ярив. “Өнгөрсөн сарын 18-нд охин бид хоёр ХӨСҮТ-д хэвтсэн юм. Бие дээр нь туурсан юмыг улаанбурхан гэж оношилсон ч эмчилгээ хийлгэх тутам охин маань улам муудсан. Гэтэл эмч нар улаанбурхны шинжилгээ хийгээд “Биш байна, удахгүй бие нь дээрдэнэ” гэж хэлсэн юм. Гэсэн ч сүүлдээ бүр татаж, сэхээнд орсон. Хэрвээ улаанбурхан туссан бол 14 хоног хэвтэн эмчлүүлээд эдгэрээд гарах хугацаа болсон.
Гэсэн ч тэгсэнгүй, охиноо алдчихлаа. Өмнө нь эмнэлэгт хэвтэх байтугай хамрын ханиад ч хүрч байгаагүй юм шүү дээ. Эмч нар баттай оношилж чадаагүй. Хатгаатай хүүхдэд улаанбурхны эмчилгээ хийсэн, өөр олон төрлийн антибиотик, хүчтэй тариа ч тарьсан. Охины маань нас барсан шалтгааныг Сэхээний эмч нар эмийн гүн хордлогод орсон байна л гэж хэлсэн. Хэрвээ гомдолтой гэж үзвэл 24 цагийн дотор эмнэлгийнхээ захиргаанд өргөдөл бичиж, задлан шинжилгээ хийлгэдэг юм билээ. Манайхан үүнийг эсэргүүцэж байгаа. Амьд байхад нь эмчлэх гэж баахан зовоочихоод өөд болсон хойно нь бас зовооно гэж бодохоор миний зүрх зүсэгдэж байна. Өөр олон ээж над шиг зовлон бүү амсаасай” гэж ярьсан юм.
ХӨСҮТ-ийнхөн “Олон улсын стандартаар тухайн улсад ямар нэгэн халдварт өвчин гарсан үед шинж тэмдэг илэрч буй эхний 100 хүнээс сорьц авч, лабораторид оношлоод халдвар авсан нь батлагдвал цаашид сэжигтэй хүн бүрийг шинжлэх шаардлагагүй, уг өвчнөөр өвдсөн гэж үздэг. Тиймээс улаанбурхны шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг улаанбурхантсан гэж үзэж болно. Адилхан шинж тэмдэг илэрсэн хүн бүрийг лабораторид оношлох оношлуур, урвалж бодис байхгүй” гэж хэлж байсан. Нас барсан охины талаар тус төвийнхнөөс тодруулах гэсэн боловч чадсангүй. Харамсалтай хэдий ч биеэр нь юм туурсан хүн бүр улаанбурхан туссан гэсэн үг биш болохыг зургаан сартай охины үхэл нотлов. Монголын нөхцөлд олон улсын жишиг, стандарт нутагшихгүй байна уу, эсвэл манай эмч нар стандарт хэрэглэж чадахгүй байна уу.
О.БАТ-УНДРАХ