Өмнөговь аймгийн Цогтцэций суманд барьсан усан хангамж, ариутгах татуургын системийг хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр болжээ. Ингэснээр сумын төсвийн байгууллагууд цэвэр, бохир усны системд холбогдож буй юм байна. Өмнөговь, Дорноговь аймгийн хилийн ойролцоох суурин газруудын хөгжлийн GO204-MON төслийн хүрээнд уг төслийг хэрэгжүүлсэн байна. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаас 15 сая, Монгол улсын засгийн газраас 6.9 сая, нийт 21.9 сая ам долларын хөрөнгийг уг ажилд зарцуулжээ. Усан хангамж, ариутгах татуургын систем бий болгох уг төслийг цаашид олон газарт хэрэгжүүлэх гэнэ. Эхний ээлжинд уул уурхайн үйл ажиллагаа төвлөрсөн стратегийн чухал ач холбогдол бүхий төв суурин газрууд болох Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс болон, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдыг хамруулах гэнэ. Уг үйл ажиллагааны нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Роберт Орр, Мухаммед Сами Саид, Энтони Бэйкэр, тэргүүтэй Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийн гишүүд болон орон нутгийн удирдлагууд, GO204 төслийн нэгжийн захирал Б.Оюун, төслийн гүйцэтгэгч “Монинжбар” компанийнхан оролцож, цаашид Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслийн талаар ярилцсан байна.