Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг газар тариалангийн бүс нутагт ажиллаж, тариаланчидтай уулзжээ. Манай улсад одоогоор 1160 аж ахуй нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж. Сүүлийн жилүүдэд манай улс үр тариа, төмс хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортлох боломж бүрдсэн. Тиймээс илүү ургацаа экспортлож эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авч, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгааг дэд сайд тариаланчдад уламжилсан байна.
Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлж, тариалангийн талбайд мал бэлчсэнээр хөрсийг гэмтээхээс эхлээд олон бэрхшээл учирч буй гэнэ. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор малчдын 80 гаруй хувь нь нэгдэл хоршоонд хамрагдаж, тариалангийн бүсэд мал бэлчээхгүй байх асуудлаар хамтарсан хэлцэлд хүрч байгаа тухайгаа орон нутгийнхан хэлсэн аж. Төв аймгийн Баянчандмань сумынхан 3700 га эргэлтийн талбайтай ч энэ жилийн хувьд 600 га талбайд тариалалт хийжээ. Хэдийгээр эдийн засгийн таагүй нөхцөл байдал газар тариалангийн салбарт нөлөөлж буй ч энэ байдлыг эрсдэлгүй даван туулахын тулд салбарын яам, зарим томоохон компаниудтай хамтран таван жилийн хугацаатай найман хувийн хүүтэй техникийн зээлийг тариаланчдад олгосон нь цаг үеэ олсон арга хэмжээ болсныг тэд онцолсон байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 1.7 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, найман төрлийн технологи, 2000 нэр төрлийн сэлбэг хэрэгслийг нийлүүлсэн юм.
Манай улс нийт гурван сая га тариалангийн бүс нутагтай ч өдгөө 760.000 га-г ашиглаж байна. Цаашид салбарын яамны зүгээс газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ашгийг нэмэгдүүлэхийн тулд тариаланчдаа дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, илүү эрчимжүүлэхээ энэ үеэр мэдэгджээ.