Казахстанд 120 мянга гаруй бөхөн үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт үхэж, тус улсын эрдэмтэн, судлаачид учрыг нь олох гэж хичээж байна. Дэлхий дээр бөхөнгийн хоёр дэд зүйл тархсан бөгөөд Казахстанд устах гэж байгаа төрөл нь соргог бөхөн (Saiga tatarica tatarica) юм. Казахстанд 2014 оны тооллогоор 256 мянган соргог бөхөн байсан бол сүүлийн хэдхэн долоо хоногийн дотор ийнхүү тал хувь нь устжээ.
Бөхөн олноор хорогдож байгаагийн учир шалтгааныг олж, арга хэмжээ авахгүй бол энэхүү ховор амьтан ойрын хугацаанд бүр мөсөн үгүй болж магадгүй гэнэ. Бөхөн энэ жилийн тавдугаар сарын дундаас гэнэт бөөн бөөнөөрөө үхэж, одоо ч хорогдсоор л байна.
Казахстаны Костанай мужид 85 мянган бөхөн үхсэн гэж мэдээлж байсан бол өнгөрсөн сарын 22-нд Акмолин, Актюбин мужид нэг өдрийн дотор долоон мянган бөхөн үхсэн байна. Халдварт өвчин гарлаа гэж үзэж буй ч нотлох баримт байхгүй, өвчин гарлаа ч ийм олноороо нэг дор үхэж байсан тохиолдол урьд өмнө гарч байгаагүй аж. Казахстаны Хөдөө аж ахуйн яамнаас онцгой байдал зарлан, Орос, Герман, Англиас мэргэжилтэн уриад байна.