Дэлхийн ихэнх метрополис хотын гудамжийг нэг наст цэцгээр гоёдог жишиг бий. Сая хол гарсан хүн амтай манай нийслэлийн тухайд ч гэсэн хотын өнгө үзэмжийг сайжруулах, тоосжилтийг багасгах зорилгоор 2013 оноос төв гудамжуудыг нэг наст цэцгэн мандлаар чимэх болсон.
Монголын жилийн дөрвөн улирал, уур амьсгалын эрс тэс нөхцөлөөс шалтгаалж олон наст цэцэг тарих боломж байдаггүй. Тиймээс нэг наст цэцгээр Улаанбаатарыг гоёх нь гудамж талбайд өнгө үзэмж нэмэхээс гадна хотын соёлыг түгээн, нийслэлчүүдийг амьдарч буй орчиндоо тав тухтай, сэтгэл хангалуун амьдрах боломж олгодгоороо ямар ч мөнгөн дүнгээр илэрхийлэх аргагүй ач холбогдолтой зүйл гэдэг.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ынхны мэдээлж буйгаар энэ онд нийслэлийн бүх авто замын шинэчилсэн уулзварын шороон арлыг цэцэгжүүлэх аж. Одоогоор Чингисийн талбайд 500 ам метр талбайг цэцэрлэгжүүлээд дуусаж байна.
Л.АРГАМЖИН