Өмнөд Солонгос улсыг түгшээж буй коронавирус буюу MERS халдварт өвчин улам газар авсаар л байна. Одоогийн байдлаар тус улсад 1500 хүн халдвар авч, хоёр хүн нас бараад байгаа юм. Энэхүү өвчнийг сарьсан багваахай, тэмээнээс үүсэлтэй хэмээн үзэж байгаа тул Өмнөд Солонгост тэмээг ад үзэн “хэлмэгдүүлж” эхэлжээ. Энэ улсын бүх амьтны хүрээлэн үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд тэмээнүүдээ олны нүдээс далд хашаа байшинд хашиж, гадагш гаргахаа больсон гэнэ. Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуйн яамнаас “Манай улс нийт 44 тэмээтэй. Үүнээс 37 нь нэг бөхт, долоо нь хоёр бөхт тэмээ байдаг. Амьтны хүрээлэнд байгаа тэмээнүүдийг тусгаарласан. Харин Чежү арлын жуулчдад тэмээ унуулах үйлчилгээ хэвийн явагдаж байна. Тэнд байгаа 24 тэмээг бүгдийг нь Австралиас авчирсан тул Ойрхи Дорнодын коронавирус тараах аюул байхгүй” гэж мэдэгдсэн байна. Гэвч тэмээг ийнхүү ад үзэж байгааг эрдэмтэн судлаачид эсэргүүцэж байгаа юм. “Корей” их сургуулийн анагаах ухааны профессор Сон Дэ Соп “Тэмээг тусгаарлаж байгаа нь ямар ч утга учиргүй зүйл. Яамныхан айж сандраад л ийм тэнэг зүйл хийсэн байх. Өмнөд Солонгост байгаа тэмээнүүд энд төрсөн, эсвэл Ойрхи Дорнодоос хол Австрали зэрэг газраас авчирсан тул ямар ч аюул байхгүй” гэж ярьж байна. Гэвч Эрүүл мэнд, нийгмийн халамжийн газраас “Тэмээнээс хол байх, тэмээний мах өөх хэрэглэхээс зайлсхийх санамж” гаргасан тул тэмээгээ далд хийхээс өөр аргагүй болсон гэж амьтны хүрээлэнгийнхэн тайлбарлажээ.
М.Сугар-Эрдэнэ