Монгол улсын Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт газар тарилангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж улаан буудай, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Одоогоор дотоодын хэрэгцээг улаан буудай, төмсөөр бүрэн, хүнсний ногоогоор 54 хувь хангаж буй юм байна. Үүнтэй зэрэгцээд төмс, хүнсний ногоог хадгалах технологийн нөхцөлийг сайжруулах, зоорийн хүчин чадал багтаамжийг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг ч хэрэгжүүлэх болсон. 2010 оноос эхлэн төмс, хүнсний ногооны зоорийн хангамжийг нэмэгдүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг. 2010-2013 онд Улаанбаатар хот болон орон нутагт 48 иргэн аж ахуйн нэгжид зоорь байгуулахад нь зориулж улсын төсвөөс найман тэрбум төгрөг гаргаснаар зоорийн хангамжийг 40.000 тонноор нэмэгдүүлжээ.
2013 оноос “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, махны дагнасан болон төрөлжсөн бөөний, жижиглэн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэх төслийг сонгон шалгаруулж, ажлыг эхлүүлсэн. Уг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаарх хэлэлцүүлэг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд болжээ. 27 аж ахуйн нэгжид 78.4 тэрбум төгрөгийн зээлийг уг төслийн хүрээнд олгосон бөгөөд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж, хадгалалтын орчинд тодорхой ажлуудыг ч гүйцэтгэсэн байна. Тэгвэл өдгөө хадгалалт, борлуулалтын логистик сүлжээ бүхий бүтцэд хамруулах менежмент бий болгох шаардлагатай байгаа бөгөөд оролцогч бүх талуудын хамтын ажиллагааг идэвхижүүлснээр бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, ашигт ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтойг хэлэлцүүлэгт оролцогсод тэмдэглэсэн байна.