Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяартог хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа сайд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжин хөгжиж, улмаар хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа сэргэн хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар ард иргэдийг мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтмол 100 хувь хангах зорилт тавьж, хот суурин газрын ойролцоо мах, сүүний чиглэлийн хагас эрчимжсэн фермерийн аж ахуй байгуулахаар ажиллаж байгааг дурдсан байна. Тиймээс энэ чиглэлээр арвин туршлагатай Унгар улстай хамтран ажиллаж, 100-200 үнээний загвар аж ахуй байгуулах төсөл хэрэгжүүлэх хүсэлт тавьсныг Унгарын тал нааштай хүлээн авчээ. Мөн Монгол Улс олон мянган жилийн уламжлалтай бэлчээрийн мал аж ахуйн уламжлалаа хадгалж хамгаалахын зэрэгцээ хүнсний органик “Монгол брэнд” бий болгох, Евро стандартыг нэвтрүүлэхэд Унгар улс техникийн туслалцаа үзүүлэхээр боллоо. Түүнчлэн Монголын хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспортын зах зээлийг нэмэгдүүлэхэд худалдааны яриа хэлэлцээний чадавх бий болгох, ялангуяа Дэлхийн худалдааны байгууллагын Эрүүл ахуй, хорио цээрийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээг авахад Үндэсний хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, туршлага судлах, сургалт зохион байгуулах зэрэгт хамтран ажиллах болжээ.