Ховд аймгийн Булган суманд шүлхий өвчин гарч өнгөрсөн хаврын өдрүүд хүндхэн өнгөрч, арай гэж хорио цээрийн дэглэм цуцлаад тун удаагүй байтал Буянт сумын Цагаан эрэг багийн нутагт энэ сарын 02-03 ны өдрүүдэд ямаанд малын гоц халдварт өвчин боом илэрсэн байна.
Зарим малчин боом өвчний шинж тэмдэгээр малаа өвчилснийг мэдэлгүй үхсэн малд гар хүрч хүнд халдсан гэх албан бус мэдээ ч байна.
Буянт сумын нутаг Цагаан эрэгт ямаа олноор үхэж хорогдож байгааг шинжлүүлэхээр өчигдөр Улаанбаатар хот руу Улсын мал эмнэлгийн газар шинжилгээ явуулсан байна.
Сүүлийн үед малын гоц халдварт өвчин гарч байгаа тохиолдлыг мал аж ахуйн мэргэжилтнүүд өвчний шинж тэмдэг мэдэхгүйгээс болж хугацаа алдаж, үл тоомсорлох хариуцлагаггүй байдал ажиглагдаж байгааг албаны эх сурвалж сэрэмжлүүлж байна.
Түүнчлэн мал аж ахуйн салбарыг хувьчилснаар,тухайн салбарын албан тушаалтнуудыг улс төр,намын харьяаллаар халж сольдог байдал нь олон сөрөг үр дагавар үзүүлж байгаа юм.
Малын гоц халдварт өвчин ар араасаа гарч байгаа тус салбарт шинэчлэлт хийж, чадвартай мэргэжилтэн дутагдаж байгааг харуулж байна.