ЭМСЯ-ны Биеийн тамир, спорт хөгжлийн төвөөс “Нийтийн биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт сургалтыг орон даяар үе шаттай зохион байгуулж буй. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хангайн бүсийн зургаан аймгийн дунд эл арга хэмжээг зохион байгуулав. Архангай аймагт болсон тус сургалтад Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Хөвсгөл, Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, дасгалжуулагч, арга зүйч нийлсэн 70 гаруй хүн хамрагджээ.
Биеийн тамир, спортын салбарт төрөөс баримтлах бодлого өргөн хүрээ хамрах болсон. Хүн амыг спортоор дамжуулан эрүүлжүүлэх бүрэн бололцоотой гэдгийг нэгэнт шинжлэх ухаан тогтоосон. Тиймээс төрөөс энэ чиглэлд ихээхэн анхаарч, бүх нийтийг идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллүүлэхийн тулд байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулахыг чухалчилж байна. Учир нь нэг арга зүйч, нэг багшид ноогдох хүн ам, сурагчдын тоо үнэхээр харьцангуй буюу 436 сурагч ногдож байх жишээтэй. Иймээс бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж үр дүнд хүрэх ёстой гэж ЭМСЯ-ныхан үзэж байна.