Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулах болсонтой холбогдуулан зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгодог уламжлалтай. Энэ өдөр 08.00-18.00 цагийн хооронд Чингис хааны талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжнаас дотогш замуудад автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болсон.
Автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохиох, иргэдэд худалдаа, үйлчилгээ үзүүлэхийг дүүрэг, агентлаг, харьяа газрын дарга нарт даалгажээ. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандэй плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр 2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, амраахаар болсон байна.