Монголын эдийн засаг тасралтгүй буурч буй үзүүлэлтийг хазаарлахын тулд дуу хоолойгоо нэгтгэж байгаагаа бизнес эрхлэгчид мэдэгдлээ.
МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Үндэсний стратеги хүрээлэн, Монголын Бизнесийн зөвлөл , Санхүүгийн зах зээлийн холбоо зэрэг 12 байгууллага нэгдэн улстөрчдийг том төслүүдээ явуулж эдийн засгаа эрчимжүүлэхийн төлөө ажиллахыг уриаллаа.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав ярихаа, "Эдийн засагт гарах том төслүүдийн хувь заяа УИХ, улстөрчдийн гарт байна. Улстөрчид эдийн засгийг хэлбэлзэхэд нөлөөлөх боллоо. Тэдний үг шийдвэр эдийн засгийг багагүй самарч байна. Өнөөдөр санхүүгийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай бид нүүр тулаад байна. Оюутолгой, Тавантолгой төслүүдийг зогсоосноор макро эдийн засгийн хүрээнд асуудал үүссэн. Эдийн засгаа сэргээхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хууль баталж уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газарт өгсөн. Засгийн газар эрхийнхээ дагуу Тавантолгойн гэрээг боловсруулж баталдаг даваан дээр ашигт малтмалын тухай хуулийн гурван ч заалтыг хүчингүй болгосноор гацаа үүссэн. Хуулиар бол УИХ үүнд оролцох эрхгүй. Ингэж хуулиа зөрчин гацаа үүсгэж байгаа нь Монгол Улсын гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна” гэв.
Бизнес эрхлэгчдийн зүгээс Том төслүүдээ хөдөлгөж, гадаадын хөрөнгө оруулалт татах нь эдийн засгийн хямралаас гарах цорын ганц гарц. Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурснаар эдийн засагт нааштай үзүүлэлт гарч, эхнээсээ ам. долларын ханш буурч байна. Тиймээс улстөрчид эдийн засгийг улстөржүүлэхгүй жамаар нь явуулах хэрэгтэй гэдгийг хэллээ.