Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх уржигдар Г.Дэнзэнг дахин хоёр сар цагдан хорих шийдвэр гаргалаа. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ ашиглан, эхнэр Г.Уянгынхаа нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөг шилжүүлсэн хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж буй.
АТГ энэ хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газарт Г.Дэнзэнг яллагдагчаар тооцож, үргэлжлүүлэн хорьж шалгах хүсэлт гаргасныг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн ийн шийдвэрлэсэн гэнэ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон, эд хөрөнгө завшсан хэрэгт яллагдагчаар тооцоод байгаа юм.
Түүнийг цагдан хоригдож байх хугацаанд ар гэрийнхэн нь өмгөөлөгч Д.Содномдоржоос татгалзаж, Дэлгэрням гэдэг өмгөөлөгч хөлсөлсөн гэнэ. Харин АТГ-ынхан ажлын хэсэг гарган Г.Дэнзэнд холбогдох хэргийг шалгаж байна.
Г.ОРЧЛОН