Аж үйлдвэрийн яам сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч долоон компаниас мөнгө гаргуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Засгийн газраас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч компаниудыг дэмжих зорилгоор “Чингис” бондын хөрөнгөөс 23 тэрбум төгрөг гаргаж, нэр бүхий аж ахуйн нэгжид олгож байсан цаг саяхан.
Гэтэл дүрэмт хувцас оёх тендерт шалгарсан компаниуд гэрээний үүргээ биелүүлээгүй тул яам бондын хөрөнгийг буцаан олж авах зорилгоор шүүхэд хандсан юм байна. Бидэнд олдсон мэдээллээр “Ашид нэхмэл”, “Өүлэн менч”, “Сор кашмер”, “Монгол нэхмэл”, “Мон форте”, “Санширо”, “Монгол ноос” гэсэн компаниудаас 1-12 тэрбум төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн аж.
Дээрх компаниудаас хамгийн их мөнгө авсан нь “Монгол ноос”. Эднийхээс 12 тэрбум 681 сая төгрөг гаргуулахаар тус яамныхан гомдол гаргасан гэнэ. Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгчид “дотооддоо үйлдвэрлэдэг” хэмээн ярьж, мэдээлж байсан ч зарим нь өмнөд хөршөөс оруулж ирснийгээ “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго хадаж борлуулдаг гэсэн хардлага бий.