Тогоотой хоол чинь буцалдгийн даваан дээр
Тог чинь тасарч түүхийрэг, хохь чинь
Толгойгоо савандаж хөөсрүүлээд угаадгийн даваан дээр
Ус чинь тасарч хирэндээ зууралдаг, хохь чинь гэсэн бадаг шүлэг өвөл цахилгаан, зун халуун ус тасрах үед өөрийн эрхгүй санаанд орох юм. XX зуунд Р.Чойномын үед ч халуун ус, цахилгаан тасардаг байж, XXI зуунд ч тэр гачлан арилсангүй. Улаанбаатар хот үүлс дээшээ дээврээ, уулс тийшээ хаяа тэлэн өргөжсөөр XX зууны төрх нь төрөл арилжсан ч цахилгаан, халуун усны хязгаарлалт гээч нь хэвээр үлдлээ. Хүүхэд байхад л аав, ээж ийм үед солих хувцсаа баадагнаж аваад биднийг дагуулан халуун устай айл хайдаг байв. Тэр үед одоогийнх шиг гар утас байсангүй. Гэртээ харилцууртай айл цөөн, байсан ч эзэд нь гэртээ тэр бүр байж таарахгүй. Тэгээд л айл айлын хаалга тогшино. Гэтэл өнөө цагт техникжсэн эрин зуунд халуун ус тасалж, сая хүнтэй хотынхоо иргэдийг нохой гаслам халуунд хир хөлстэй нь зууралдуулан, угаалгын өрөөндөө түмпэн шанага харшилдуулахад хүргэнэ гэдэг арай ч дээ.
Сарын өмнө дэвшилд тооцогдож байсан технологи одоо хоцрогдон, өчигдөрхөн худалдаанд гарсан гар утасны загвар өнөөдөр гологдож, техник технологийн хөгжил хоног, цагаар хэмжигдэж байна. Монголчууд хүртэл үүнээс хоцроогүй, багачууд 9D танхимд кино үзэж, хөгшчүүл IPTV-ээр дуртай нэвтрүүлгээ хадгалдаг болчихоод байхад дулааны шугам сүлжээнийхэн амбасын үеийн аргаараа, яст мэлхийнээс ч удаан гэлдэрч байна. Зуны гурван сард 15 хоног халуун ус тасалж, иргэдээ хир хөлсөнд нь зууралдуулдаг “Улаанбаатар дулааны сүлжээ”-нийхэн энэ жил “Маршал таун”, “Олимп” хороолол, “Ривер гарден” хотхон, 40, 50 мянгатын орон сууц, “Сүнжин гранд” зочид буудал зэрэг газруудын ойролцоох байруудын халуун усыг өнгөрсөн тавдугаар сарын 18-наас ирэх наймдугаар сарын 25 хүртэл гурван сар таслаад байна. Тэдэнтэй харьцуулбал бусад нь 15 хоног усаа хаалгах юу ч биш болж таарав.
Ядаж байхад хажуугаар нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийнхан бас цахилгаан таслан, өндөр барилга руу шатаар мацуулах нь бүр ч гачлантай. Халуун усгүй, цахилгаан шатгүй, хоол цайгүй, үгээ барж, хөлс үнэртүүлсэн иргэдтэй Улаанбаатар ирэх долоо хоногт үүнээс ч долоон дор байдалд орж, хот бүхэлдээ муу усны нүх, жорлон болж хувирах нь ээ. Халуун байтугай хүйтэн ус ч үгүй гурав хоног чардайж, орон сууцныхан ариун цэврийн өрөө рүүгээ зүглэх эрхгүй, физологийн асуудлаа хэрхэн шийдэхээ мэдэхгүй балрах нь. Энэ гурав хоногт Туул гол, үгүй бол орон сууцны эргэн тойрон жорлон болж хувирна гэдэгт эргэлзэх юмгүй. Нэг ёсондоо гэр хороололд биш орон сууцанд амьдардгуудынх нь хохь болж байна. 477 мянган га талбайтай жорлон дэлхийн өөр хаана ч байхгүй дээ. Гайхуулах юм энэ биш ч гэлээ, гайтуулах юмаар бусдын анхаарлыг татаж, дэлхийн сонорт нэрээ дуулгах нь гарцаагүй боллоо.
Эдийн засгийн цойлсон өсөлтөөрөө энэ бөмбөрцгийнхний нүдийг орой дээр нь гаргаж явсан Монгол дэлхийн хамгийн том жорлон, хот-жорлон гэсэн үзүүлэлтээр ертөнцийг ярвайлгахад хүрвэл хохь чинь гэсэн үг л бидэнд дуулдах нь гарцаагүй. Цаашилбал чалчихаас өөр юм чаддаггүй дарга нартай Улаанбаатар хохь чинь. Ийм хүмүүсээр хотоо удирдуулахаар сонгосон иргэд хохь чинь. Өнөөгийн бидний байгаа царай ингэж л хэлээд байна. Хот-жорлон болох цагт дэлхий бас ингэж баалах болно. Байгуулсан цагаас хойш нэг ч удаа их засвар хийгээгүй атал жилээс жилд бохир усны хэмжээ нэмэгдэж байгаа хэмээн Төв цэвэрлэх байгууламжийнхан учирлана. Өвөл айлуудыг халаалттай, халуун устай байлгахын тулд зун бүр халуун ус тасалж, дулааны шугам засдаг хэмээн “Улаанбаатар дулааны сүлжээ”- нийхэн тайлбарлана. Тэд 379 километр шугам засахын тулд арван хэсэг болгон хуваагаад, халуун усыг нь ээлжлэн хаадаг аж. Өндөр даралттай, шалзлам халуун ус урсаж буй шугамыг ингэж засахаас өөр гарц үнэндээ хаа ч үгүй тул тэднийг буруутгах аргагүй.
Харин халуун ус, дулаанаа нэг шугамаар хэрэглэгчдэд хүргэдэг системд хамаг учир бий. Ийм системтэй Улаанбаатарт аж төрдөг учраас хохь чинь гээд “Улаанбаатар дулааны сүлжээ”-нийхэн жил бүрийн зун халуун ус тасалдаг. Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр дулааны шугам сүлжээнд томоохон өргөтгөл хийж байгаатай холбогдуулан “Маршал таун”, “Олимп” хороолол, “Ривер гарден” хотхон, 40, 50 мянгатын орон сууц, Офицеруудын ордны урд талын орон сууц, барилгуудын халуун усыг гурван сар шахам хаажээ. 10 хоног гэж мэдэгдээд 15 хоног халуун ус тасалдаг дулааныхан энэ жилээс бүр гурван сараар хүн ардыг хир, хөлстэй нь зууралдуулдаг болж байна. Гурван сар нь арай дөрөв болж баллах юм биш байгаа. Ноднин жил долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 15- нд халуун усыг нь таслах хуваарьт багтсан “Москва” хорооллын халуун усыг хуваариас 39 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 12-нд хааж, ам ажил хоёроо хэрхэн зөрүүлдгээ харуулсан тэд олон нийтэд зарласан хуваариасаа 1-2 хоногийн өмнө ус таслаад, 5-7 хоног хоцроож өгдөг уламжлалтай.
Гэм биш зан болгочихсон энэ дадлаараа гурван сарыг дөрөв болговол гайхах юм биш. 1960-аад онд тавьсан дулааны шугам хэдийнэ зэвэндээ баригдан элэгдэж, хэзээ мөдгүй халуун ус сад тавин гейзер оргилж мэдэхээр болжээ. Улаанбаатарын газар дорх хотод 60 шахам жил ус дамжуулж буй төмөр хоолой олон. Нийт шугам сүлжээний 40 гаруй хувь нь 30 жил, 20 гаруй хувь нь 40 жил болжээ. Засвар хийх нэрээр хотыг бүхэлд нь (хэсэг хэсгээр бүгдийнх нь усыг хаадаг) халуун усаар хязгаарладаг хэрнээ өнгөрсөн жил гэхэд ердөө дөрвөн км шугам сольсон байх юм. Шугамыг бүхэлд нь солиход 200 гаруй ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Энэ зэвнүүдээ бүгдийг нь нэг дор сольчих бэл бэнчин, хүн хүч манай улсад байхгүй тул жилийн жилд халуун ус тасалж, шугам хоолойгоо нөхөж цойлддог, сольдог.
Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний 15-20 хувийг 2000 оноос хойш ийм аргаар шинэчилжээ. Дулааны шугам засахын тулд хот даяар нь халуун ус хаадаг улс Орос, Монгол хоёроос өөр байхгүй гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Дийлэнх улсуудын халуун ус, дулааны систем нь төвлөрсөн биш учраас нэг байшингийн ойролцоох шугамыг солих шаардлагатай бол тэр байрны халуун усыг тэрүүхэнд нь хааж, цахилгаан халаагчаар хүйтэн усыг нь халаагаад өгчихнө. Тэр хооронд шугам хоолойг нь засчихдаг аж. Айлууд халуун устай, шугам сүлжээнийхэн ч ажлаа амжуулчихна. Хэн ч хохирохгүй, ямар ч хэл ам гарахгүй. Ийм л систем, тийм л зохион байгуулалт манайд үгүйлэгдээд байх юм. Бусдын хийж болсон юмыг чадахгүй байгаа удирдлагатай биднийг хохь чинь гэх нь арга ч үгүй юм даа. Тийм хүмүүсийг толгой дээрээ гаргасаар ирсэн бидний л хохь.
Х.БОЛОРМАА