Түүх, соёлын хосгүй үнэт өв, дурсгалт зүйлс хилээр гарган, харийнханд худалдаж ашиг олох гэсэн ухвар мөчид хүмүүсийн үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан таслан зогсоодог ч эртний эдлэлээр хонжоо хайгчид байсаар байна.
Буянт-Ухаа боомтоор манай улсын иргэн Г тавдугаар сарын 8-нд арслан зааны соёо, эмэгтэй хүний үсний шүр, сувд, номин шигтгээтэй мөнгөн даруулга хоёр, сам нэг ширхэг, “Богд далай ламын цадиг” хэмээх уйгаржин монголоор муутуу цаасан дээр бичсэн 27 хуудас бүхий судар хилээр гаргах гэж байсныг тус боомт дахь хилийн 0218 дугаар ангийн алба хаагчид илрүүлжээ.
Хил хамгаалах байгууллагынхны мэдээлснээр арслан зааны соёо нь 80 см урттай байсан бөгөөд тэдгээр эд зүйл хэдий үед хамаарах зэргийг нь тодруулах гэж багагүй хугацаа зарцуулсны дүнд түүх, соёлын үнэт өв болохыг тогтоосон гэнэ. Өдгөө сэжигтэн Г-ийг тагнуулын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Түүнээс гадна Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор манай улсын иргэн О нь тарваганы 1134 ширхэг арьс, 303 бугын цусан эвэр, 10 ширхэг чулуу хил давуулахаар завдсаныг хилчид илрүүлсэн байна.
Г.РАВЖАА