ХАР ТАМХИ БОРЛУУЛАГЧ БҮЛГИЙН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДЭНЭ
Дэлхий нийтийг айдаст автуулсан цагаан тахлын хор хөнөөлийн талаар улсын маань тэргүүн санаачилга гаргаж, тэр үедээ л овоо зэгсэн ажил хийж эхэлсэн. Одоо энэ талаар ярьдаг хэлдэг байгууллага бараг үгүй болж, зөвхөн цагдаагийн байгууллага л хэрэглэгч, борлуулагчидтай чадлынхаа хэрээр тэмцэж байна. Цагдаагийнхан өнгөрсөн жилүүдэд ихэвчлэн хэрэглэгч, түүж бэлтгэсэн “нөхдийг” барьж, шүүхэд шилжүүлж байсан. Өдгөө тэд арга барил, чиглэлээ өөрчилж, мансууруулах бодис бэлтгэгч, нийлүүлэгчдэд чиглэсэн ажиллагаа явуулж буй гэнэ. Энэ хүрээнд ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн сүүлч, энэ долоо хоногийн эхээр тусгай ажиллагаа зохион байгуулж, хар тамхи хилээр оруулж ирдэг зохион байгуулалттай хэд хэдэн бүлэглэлийг илрүүлж, борлуулагч, дамлагч хүмүүсийг цагдан хориод байгаа юм.
Хэдийгээр мэдээллийн зарим хэрэгслээр 20 гаруй хүн саатуулсны дотор олны танил хүмүүс бий хэмээн бичиж байгаа ч ихэнх нь дэгсдүүлсэн гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр олны танил гэх гурван хүн саатуулагдаж буй аж. Хоёр нь шүүхээс ял сонсоод байгаа “Дижитал” Баавар, “Айс топ”-ын Д.Манлайжаргал нар. Харин гурав дахь нь Л.Цэгцбаатар гэдэг залуу. Түүнийг “Хархорин” захын эзний хүү гэдгээр нь зарим хүрээнийхэн мэдэхээс цаашгүй. Харин цуутай бүсгүйтэй холбогдож байснаар нь өөр нэг хэсэг нь мэдэх байх.
Түүнээс биш “олны танил” гэсэн тодотгол Л.Цэгцбаатарт тохирохгүй гэдгийг хууль хяналтын байгууллагынхан ч, жирийн уншигчид ч үзэл бодлоо илэрхийлсэн байна лээ. Уг хэрэгт холбогдсон бүлэглэлүүдийн төлөөлөл ихэвчлэн хилээр мансууруулах төрлийн бодис ямар нэг аргаар оруулж ирдэг, эсвэл Монголд элбэг ургадаг каннабисыг боловсруулдаг хүмүүс байгаа юм. Дэлхий нийт хар тамхи хэмээх цагаан тахалтай тэмцэхийн хэрээр түүгээр бизнес хийдэг зохион байгуулалттай бүлэглэлүүдийн арга нь нарийсчээ. Манайхан мөс, гашиш, каннабис зэргийг мэддэг бол түүнээс ч аюултай, хүчтэй үйлчилгээтэй бодисууд дэлгэрч, тэдний зарим нь манайхныг айлгах болсон гэнэ. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Малайзад хар тамхины асуудлаар болсон олон улсын хурлын үеэр НҮБ-ын мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисын жагсаалтад ороогүй бэлдмэлүүд ихээр гарах болсон, Колумб, Африкийн хар тамхины бүлэглэлүүдийн зах зээл тэлж, Азийнхантай уялдаа холбоотой болоод зогсохгүй, тэдгээр бүлэглэлүүд хамтран шинэ төрлийн бодис гарган аваад борлуулж байгааг онцлоод дэлхий нийт хамтран шинэ арга барилаар тэмцэх ёстой гэдэгт санал нэгдсэн байна лээ.
Хэдийгээр манай улсад шинэ төрлийн хар тамхи нь орж ирээгүй гэж үзэж буй ч дэлхий нийтийг нөмрөөд байгаа тахал хараа хяналт султай, залуус нь бие биедээ уруу татагдаж, аливаад дурладаг оронд минь ороод ирэхэд ойрхон. Зарим нь ороод ирсэн гэдгийг ч хэлж байна. Тодруулбал, хэлэн дээрээ тавьж уусгаж хэрэглэдэг марк шиг бодисыг захиалж оруулж ирдэг бүлэглэл байгаа юм. Түүнээс гадна Монгол, Хятадын хооронд нүүрс тээвэрлэдэг машины жолооч нарын хэрэглэж буй нойр сэргээдэг хэмээх бодис ч нэг төрлийн мансууруулах, донтуулах үйлчилгээтэй гэдгийг хар тамхитай тэмцэх чиглэлийн байгууллагынхан хүлээн зөвшөөрсөн байна лээ. Дээрх хурлын үеэр Монгол Улс мансууруулах бодис үйлдвэрлэдэггүй хэмээн сайхан ч гэмээр дүгнэлтэд хүрсэн гэдэг.
Гэвч тэр дүгнэлт ташаа гэдгийг саяхны өдрүүдэд зохион байгуулсан тусгай ажиллагааны үеэр ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн баталсан аж. Хэдийгээр цагдаагийнхан энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж буй ч эх сурвалжуудаас зарим мэдээллийг авсан юм. Манай улсад багагүй хугацаанд амьдарч буй ОХУ-ын иргэн У гэгч этгээдийг цагдаагийнхан саатуулаад байгаа аж. Тэрбээр Монголоос элбэг олддог каннабисийг боловсруулан мансууруулах бодис хийж, түүнийгээ өөрөө хэрэглэж хордоод зогсохгүй, монгол залууст борлуулж байсан нь батлагдсан гэнэ.
Түүний амьдарч байсан байрнаас нь хатаасан каннабис боловсруулж байсан эд зүйл, уг өвс зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Харин хэчнээн хэмжээгээр хийсэн, хэдэн удаа ямар үнээр борлуулсан зэргийг нь мөрдөн байцаалтын шатанд тогтооно. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байна. Зарим сэжигтэй этгээдийг баривчлаагүй гэдгийг эх сурвалж хэллээ. Юутай ч ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхний явуулж буй ажиллагаа нэг хэсэг хүмүүсийг айдаст автуулж, энэ төрлийн бодист донтогч, худалдагч, худалдан авагчдын зүрхэнд шар ус хуруулж байгаа нь гарцаагүй. Нэг удаа ийм ажил хийгээд зогсчихолгүй байнга хяналт тавьж байвал илүү үр дүнд хүрнэ шүү дээ.
Г.РАВЖАА