Энэ зун нийтийн тээврийн салбарт томоохон бүтээн байгуулалт, шинэчлэл хийж, угсраа автобуснуудыг нийтийн тээвэрт явуулж эхлэх учраас замын хөдөлгөөнд оролцож буй автомашины дугаарын хязгаарлалтын үйлчлэх хугацааг наймдугаар сарын 15 хүртэл мөрдөж, цаашид бүр мөсөн цуцлах шийдвэрийг Улаанбаатар хотын Захирагчийн албанаас гаргажээ.
Түүнчлэн дулааны шугам сүлжээний ажил хийхтэй холбоотойгоор Энхтайвны өргөн чөлөөг энэ сарын 7-ноос наймдугаар сарын 9-н хүртэл хэсэгчилж хаах болсон учраас хотын төвийн замаар автомашиныг дугаарын тэгш сондгойгоор зорчуулах аж.
Мөн Сөүлийн гудамж, Залуучуудын өргөн чөлөөнд автобусны буудал түр байршуулах юм байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ Хотын төвийн хэсгийн замаар зорчиж буй автомашин зөвхөн баруун эргэнэ. Зүүн тийш эргэхгүй. Түгжрэл үүсгэхгүй байхын тулд ийм шийдвэр гаргасан учир иргэд ойлгож, ажил амьдралаа зохицуулахыг хүсье” гэлээ.