Ирэх долоо хоногоос буюу зургадугаар сарын 7-оос наймдугаар сарын 9 хүртэл автомашин хэрэглэгчдийн дугаар тэгш, сондгойгоор ангилан хотын төвийн замын хөдөлгөнд оролцуулахаар болсон талаар Нийслэлийн засаг даргын тамгын газар мэдээллээ. Зуны саруудад дулааны шугам сүлжээний шинжилгээ оношлогоо, засвар үйлчилгээ хийж, зам хаадаг уламжлал энэ зун ч үргэлжилнэ. Энхтайваны өргөн чөлөөний замыг зуны хоёр сар шахам хугацаанд хаах тул замын хөдөлгөөний түгжрэлээс урьдчилан сэргийлж арга хэмжээ авч буй нь энэ аж. Автомашины дугаарын хязгаарлалтаас гадна хотын төвийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зогсоолыг төлбөртэй болгоно. Хүнсний үйлдвэрийн автомашинуудад дугаарын хязгаарлалт хамаарахгүй гэсэн.
Дугаарын хязгаарлалт Амарсанаагийн уулзвараас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар, "Буян" компанийн хойд уулзвар, Замын цагдаагийн газрын зүүн талын уулзвар хүртэл, хэрэгжих юм.
