УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.06.05/ өсвөр насны хүүхдүүдэд инженерийн суурь мэдлэг эзэмшүүлдэг “Юнимат” клубт зочлон, үйл ажиллагаатай нь танилцаж, ирээдүйн инженерүүдийн юнимат технологиор хийсэн бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Ударга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.05/ өсвөр насны хүүхдүүдэд инженерийн суурь мэдлэг эзэмшүүлдэг “Юнимат” клубт зочлон, үйл ажиллагаатай нь танилцаж, ирээдүйн инженерүүдийн юнимат технологиор хийсэн бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Тус клуб хүүхэд, багачуудын техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн шилдэг инженер, зохион бүтээгчдийг бэлтгэх зорилгоор юнимат технологиор “Морин хуурыг хэн сайн урлах вэ” уралдааныг зохион байгуулсан байна. Тус уралдаанд ирүүлсэн 50 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргасныг УИХ-ын дарга үзэж сонирхсны зэрэгцээ шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулсан юм. УИХ-ын дарга З.Энхболдыг тус клубт зочлох үеэр Шинжлэх ухаан, технологи, инженер, математик хөгжлийн клубын (STEM) нээлтийн арга хэмжээ боллоо. Энэ клуб нь электроник болон программ хангамжийн инженерчлэлийн мэдлэг, чадвар олгох сургалт явуулах юм байна. Ингэснээр аж үйлдвэржсэн Монгол Улсын ирээдүйн инженерүүд дэлхийн инженерчлэлийн жишгээр олон чиглэлээр мэргэших суурь тавигдаж байгааг Л.Ариунболд захирал танилцуулсан юм. "Юнимат" клубт механик инженерчлэлийн суурь мэдлэг эзэмшсэн хүүхэд залуус үргэлжлүүлэн электроник болон программ хангамжийн инженерчлэлийн суурь мэдлэг эзэмшин, робот бүтээж дадлага хийдэг. Энэ чиглэлээр олон улсын тэмцээн уралдаанд ч амжилттай оролцсон болохыг УИХ-ын даргад танилцуулсан юм. УИХ-ын даргыг “Юнимат” клубын үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон албаны бусад хүмүүс байлцлаа.