Эвдэрснээс болж зогсооход хүрч магадгүй байгаа Төв цэвэрлэх байгууламжийг энэ сарын 15-наас засахаар болжээ. Засах хугацаанд иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах юм уу, бохир усыг шууд Туул голд цутгах арга хэмжээ авна гэж Ус, сувгийн удирдах газраас мэдээлж байсан юм. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал мэдэгдэл гаргаж, засварын үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүй байх арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн хугацаагаар зогсоож засвар хийх бөгөөд энэ хугацаанд иргэдийг усныхаа хэрэглээг багасгахыг уриалж буй аж. Ер нь жил бүр тус байгууламжийг тодорхой хугацаагаар зогсоодог аж. Энэ жилийн хувьд нэлээд олон хэсэгт цөмөрч эвдэрсэн тул 48 цагаар зогсоох болсон гэнэ.