ХХААЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөс өнгөрсөн баасан гаригт “Мониторинг 2015” арга хэмжээ зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд ХХАА-н дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсэг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, “Биокомбинат”, ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээний төв зэрэг салбарын эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцсан байна. “Мониторинг 2015” ажлын зорилго нь салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжүүлж буй болон дуусгасан шинжлэх ухаан, технологийн төслийн явц, үр дүнг үзэж, цаашид шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх талаар санал солилцох аж. Мөн судалгаа болон хөгжлийн ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг тодорхойлоход чиглэсэн байна. Салбарын яамнаас эхний ээлжинд Мал эмнэлэгийн хүрээлэнгийн “Бабедазол” эм үйлдвэрлэх болон зарим халдварт өвчний вакцин үйлдвэрлэх судалгааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөж буй юм байна. Үүний тулд эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрийн газрын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцон хамтран ажиллах болжээ.