“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулан дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт олгоход хэд хэдэн банк оролцохоо илэрхийлсэн тухай “Rio Tinto”-гийн Зэс, нүүрсний салбарыг хариуцсан захирал Жан-Себастиан Жак “The Australian Financial Review” сэтгүүлд ярьсан байна. 15-20 зээлдүүлэгчтэй (арилжааны болон олон улсын банкууд) хийж эхэлсэн хэлэлцээ ойрын саруудад дуусах төлөвтэйг тэрбээр өгүүлээд “Банкууд зээл олгоход бэлэн байна. Бид төслийн хоёр дахь шатыг эхлүүлэх хүсэлтэй байгаа” гэжээ.
Жан-Себастиан Жак өнгөрсөн пүрэв гаригт Дэлхийн банкны гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпорацын төлөөлөлтэй Вашингтонд уулзсан гэнэ. Бостон, Нью-Йорк дахь зээлдүүлэгчид уг төслийн бүтээн байгуулалтыг хэзээ эхлүүлэх боломжтойг лавлаж байсан аж. Хэрэв санхүүжилт авч, ТЭЗҮ-ийг дахин хянан, баталж, Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай зөвшөөрлүүдийг өгвөл энэ оны эцэст дээрх ажлыг эхлүүлэх боломжтой гэж дээрх сэтгүүлийн цахим хуудсанд бичжээ. Ил уурхайн бүтээн байгуулалтад “Rio Tinto” групп долоон тэрбум ам.доллар зарцуулсан, баялгийн 80 хувийг агуулж буй далд уурхайд зориулан дахин 5-6 тэрбум “ногоон” шаардлагатайг мөн тэнд дурдсан байв. Дашрамд дурдахад, 2017-2018 онд дэлхийн зах зээлд зэсийн эрэлт өснө хэмээн “Rio Tinto”-гийнхон таамаглаж буй. Тухайлбал, Энэтхэг, Зүүн өмнөд Азийн орнуудын хэрэглээ нэмэгдэх магадлалтай гэнэ.
Ц.Болормаа