Өнгөрсөн бямба гаригт үе үе бороо хаялсан, зэвэргэн салхитай жиндүүхэн өдөр байсан ч Чингисийн талбай хавиар багачуудын нар гарлаа. Байрныхаа гадаа дугуй уная гэхээр машинд дайруулчих гээд, хашаандаа жийх гэхээр уруу газар (Улаанбаатарын гэр хорооллууд уул, толгод дээр байрлалтай) “нисчих” гээд хэцүү учраас хүүхдүүд дугуйгаа дэмий л санаа алдан харж, хөдөө явахыг мөрөөдөхөөс хэтэрдэггүй. Харин жилдээ ганц тохиолддог “Авто машингүй өдөр”-өөр тэд замын цагдаагийн хамгаалалт дор хар зам дээр дугуйгаа өдөржингөө жийдэг юм. Дугуй унаж чадахгүй жаалууд хүртэл цэнэглэдэг, удирдлагатай машин, мотоциклио энд аваад ирчихсэн ёстой л шавай нь ханаж байв.
Энэ жил “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриан дор тэмдэглэсэн “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд зам тээврийн ослоос хэрхэн сэргийлэх талаар олон нийтэд зориулан зөвлөгөө, сургалт, сурталчилгааны цэг нээн ажиллуулсан юм. Зам тээврийн осолд орсон хүнд анхны тусламж яаж үзүүлэх ёстойг ч зааж сургаж байлаа. Талбайн өөр нэг хэсэгт “Алхалт, алхалт, алхалт” гэсэн зурагт хуудас бүхий самбар байрлуулжээ. Энд хүмүүс гимнастик хийж байсан бол хажууханд нь ахмадууд хийн дасгалаар олныг хуйлруулах нь гайхалтай санагдсан. Талбайн төв хэсэгт “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт жүжигчилсэн тоглолтоор жолооч, явган зорчигч, тээврийн хэрэгслээр зорчигчид ямар алдаа гаргадаг, тэр нь аминд хүрсэн осол болж хувирдгийг харуулан, сэрэмжлүүлж байсан бол харин захад нь дугуйтай залуус экстрим спортын дуу алдам үзүүлбэрээр хүмүүсийг шагшуулна.
“Дү дү” хүүхдийн угсардаг машины танилцуулга, бичил уралдаанд оролцохоор хөвгүүд шавжээ. Нялхас хүртэл энэ арга хэмжээнээс хоцорсонгүй. Тэд түрдэг тэрэгтэйгээ талбайд жагсаж, ээжүүд “Хүүхдээ салхилуулах газар байхгүй, явган зорчигчид зориулсан ногоон гэрэл маш хурдан солигддог, улаан гэрэл хэт удаан асдаг тул хүүхдээ тэврээд, хөтлөөд замаар тайван гарч чаддаггүй” хэмээн гомдоллов. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Монголын залуучуудын холбоо, “Залуу дугуйчин” клуб хамтран дугуйтай жагсаал зохион байгуулав. 2012 онд 300, 2013 онд 500, 2014 онд 1000 гаруй дугуйчин оролцож байсан бол жагсаалд өнөө жил 1500 дугуйчин нэгджээ.
Тэд Төв шуудангийн баруун урдах уулзварт “Хүүхэд” гэсэн үг бүтээлээ. Учир нь МЗХ зургадугаар сарыг “Хүүхдийн сар” болгон зарлажээ. Энэ өдөр “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төслийн нээлтийг хийж, 500 байгууллагад гаднаа унадаг дугуйн зогсоол байгуулах хүсэлт тавилаа. “Найрсаг Улаанбаатар” уриан дор болж буй “Улаанбаатар марафон 2015” энэ өдөр болж, буухиа уралдааны хамгийн хол буюу 42 км-ийн зайн уралдаанд 37 тамирчин гүйв. Тэднээс олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин Т.Сэр-Од түрүүлсэн юм. Тэрбээр ноднин энэ уралдаанд хоёр цаг 18 минут 36 доль гүйж түрүүлсэн амжилтаа давтлаа. Эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер, ҮБТДС-ийн оюутан Б.Мөнхтуяа бусдыгаа манлайлав. 42, 21, 10 км зайд болсон буухиа уралдаанд нийтдээ 19 орны 17300 тамирчин оролцсон юм.
Б.БАЯСАЛМАА