УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй зарим арга хэмжээний талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. 2013 онд “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг баталснаас хойш улсын хэмжээнд нийт зээлийн 1.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.5 хувь нь чанаргүй байгаа аж. Мөн зээлийн чанар 97.7 хувьтай буй нь өндөр үзүүлэлт хэмээн Ерөнхий сайд онцолсон. Дээрх журамд урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10-30 хувь байхаар тусгасан ч 30 хувийг шаардаж буй. Урьдчилгааны 20 хүртэл хувьд нь Засгийн газар баталгаа гаргаж, иргэд 10 хувийг төлөх бодлогыг УИХ дэмжвэл бололцоотой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ Засгийн газрын тэргүүн мэдэгдэв. Ерөнхий сайд товч мэдээлэл хийсний дараа гишүүд санал хэлж, асуулт тавьсан юм.
О.Баасанхүү: -Олон мянган барилга зарагдахгүй байгаа гэсэн. Зарим төрийн байгууллага ажилчдын орон сууц барьдаг. Тэдгээр байгууллага зарагдахгүй байгаа орон сууцнаас нь авч болдоггүй юм уу. Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгосноор банкууд эрсдэлд орохгүй гэсэн баталгаа байна уу?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Бараг бүх яам, агентлаг “ажилчдын орон сууц” барьдаг болсон гэх таны шүүмжлэлтэй санал нэг байна. Тиймээс Засгийн газраас нэгдсэн бодлогоор зохицуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Ипотекийн зээлийн хүрээнд 30 хувийн урьдчилгаа төлбөрийг бууруулахгүй. Энэ зарчмаа хатуу барина. Гэхдээ Засгийн газар үүний 20 хувьд нь дэмжлэг үзүүлэх боломжтой.
Д.Ганхуяг: -Дахин төлөвлөлтийн хүрээнд компаниуд газрыг хэт хямд үнэлж буйг иргэд хэлж байна. Үүн дээр ямар зохицуулалт хийж байна вэ?
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар: -Дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн холбогдох байгууллагатай хамтран ажилладаг. Газрын үнэлгээ асуудал үүсгэж байгаа. Манай яам газрын суурь үнэлгээг өсгөх шаардлагатай гэсэн байр суурь баримтална. Учир нь газрын суурь үнэлгээ 1997 оны түвшинд байна. Өнөөдөр зах зээлийн эрэлт, хэрэгцээ өөрчлөгдсөн шүү дээ. Суурь үнэлгээг шинэчилбэл өөрчлөлт гарах байх. Засгийн газрын түвшинд ярих шаардлагатай.
А.Тлейхан: -Ер нь худалдан авагчаа хүлээж буй хэдэн барилга байна вэ?
Д.Цогтбаатар: -Сүүлийн хоёр жилийн хугацаанд борлогдоогүй 32-36 мянган айлын орон сууц байна.
Д.Сумъяабазар: -Бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дэмжиж байна. Гэхдээ иргэдийн эрх ашгийг зөрчих ёсгүй. Холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцэх учиртай. Дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа газарт санхүүгийн баталгаа гаргах шаардлагатай.
ТОСК-ын захирал А.Гантулга: -Хүний эрхийг зөрчихгүй байхад анхаарч байгаа. Ийм үндэслэлээр шүүхэд хандсан тохиолдол гараагүй. Компаниудаас тайлбар авахад тухайн нутаг дэвсгэр, байршилд амьдардаггүй иргэд хэвлэлийн бага хурал хийж, эрх зөрчсөн талаар мэдээлсэн байсан.
А.Бакей: -Иргэдийн худалдан авах чадвар муу байна. Орон сууцны үнэ буурахгүй юм. Банкийг дэмжих замаар худалдан авах чадварыг сайжруулах бодлого хэрэгжүүлж болохгүй юу. Гэхдээ төрийн оролцоо хязгаартай байх ёстой. Тухайлбал, дэд бүтцийг барьж байгуулахад төр оролцох нь зүйтэй. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрт бүх аймгийг жигд хамруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?
Ч.Сайханбилэг: -30 мянга гаруй айлын орон сууцыг борлуулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр Засгийн газар баталгаа гаргах, нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй уялдуулах замаар хэд хэдэн ажил хийхээр зорьж байна.
А.Гантулга: -ТОСК үйл ажиллагаа явуулснаас хойш орон сууцны үнэ 400-500 мянган төгрөгөөр буурсан. 21 аймагт судалгаа хийж, дэд бүтэц, хүн амын орлого, худалдан авах чадварыг харгалзан найман аймагт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ жил Хөвсгөл, Говь-Алтай аймагт нэмж хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Баян-Өлгий аймгийн дэд бүтэц хүндрэлтэй. Үүнийг шийдчихвэл 1000 айлын орон сууц барих боломжтой.
С.Оюун: -Ногоон хөгжлийн бодлогод барилгын дулаан алдагдлыг 2020 он гэхэд 20 хувь хүртэл бууруулах зорилт тусгасан. Барилгын салбарт ногоон хөгжлийн бодлогыг хэр анхаарч байна вэ. Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох сураг аль дөрөвдүгээр сард гарсан. Одоо болтол яагаад шийдээгүйг тайлбарлаач. Засгийн газар чухам ямар баталгаа гаргах гээд байна вэ. Эрсдэл үүсвэл Засгийн газар төлбөр барагдуулна гэсэн үг үү?
Д.Цогтбаатар: -Барилгын дулаан алдагдлыг бууруулахад материалын сонголт чухал. Тиймээс барилгын стандартыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Хот төлөвлөлтөөсөө эхлээд л ногоон бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Зарим компани ногоон технологи бүхий шийдлээ танилцуулж байна. Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг огт хөндөхгүй. Харин Засгийн газраас 20 хувьд нь баталгаа гаргаж, иргэд 10 хувиа төлөх замаар зээлд хамрагдах боломжтой гэж байгаа юм. Ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн сайн байгаа. Тиймээс эргэн төлөлтөөс хуримтлагдсан орлогыг эргээд зээл олгоход зарцуулаад явъя гэсэн санаа юм.
Ц.Нямдорж: -Ийм асуудал ярьж байхад нийслэлийн удирдлагууд байдаггүй нь ямар учиртай юм бэ. Э.Бат-Үүл мөнгө нэхэх болохоороо энд орж ирээд толгойгоо сэжээд суучихдаг. Дахин төлөвлөлт гэж бантан хутгаж хаячихаад УИХ асуудлыг нь ярьж байхад яагаад ирдэггүй юм. Э.Бат-Үүл нийслэлийнхнийг хауст амьдруулж жаргаана гэж хуурснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хотын дахин төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэзээ оруулж ирэх гэж байна вэ?
Ч.Сайханбилэг: -Э.Бат-Үүл дарга ирж байгаа гэсэн. Ирээд хариулах байх. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас оролцож байгаа хүмүүс журмыг хоёргүй утгаар тайлбарлаад өгөөч. Гэвч нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хуралдаанд амжиж ирээгүй. Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн “Одоогоор 1189 айлын газар чөлөөлөөд байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд 588 айлын орон сууц ашиглалтад орсон. Одоо 6000 гаруй айлын орон сууц ашиглалтад орно. Орон сууц эхнээсээ ашиглалтад орвол газар чөлөөлөх ажил эрчимжинэ” гэсэн мэдээлэл өгсөн.
Б.НОМИН