Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажиллуулдаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үр дүнтэй байгаа гэнэ. Энэ жилийн тухайд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын хамтарсан удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр маргаашнаас эхлэн ирэх есдүгээр сарын 10 хүртэл завьт эргүүлүүд ажиллуулахаар болжээ. Тэд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл, моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангах юм байна.