УИХ-аас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотын 17 байршилд орон сууцны хотхон, хороолол барих инженерийн дэд бүтцийг цогцоор нь бий болгохоор төлөвлөсөн. Уг хөтөлбөрийн хүрээний бүтээн байгуулалтын ажлууд өдгөө ч үргэлжилж буй юм. Үүний хүрээнд улсын хэмжээнд хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэн, хөгжлийг хангах, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулах зорилготой юм. Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа яамны холбогдох газрын мэргэжилтнүүд өчигдөр инженерийн дэд бүтцийг гадаадын зээл, тусламж болон Чингис бондын хөрөнгөөр шийдвэрлэсэн “Ирээдүй”, Цэргийн хотхон, Ханын материал, “Хилчин” хотхон, орон сууцны VII, XIV хорооллуудын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагын удирдлага, ажилтнуудтай уулзан, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал солилцжээ.
Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд цаашид барилга барих газар болон инженерийн дэд бүтэц барьж байгуулахтай холбоотой газар чөлөөлөлт, эрх зүйн орчныг тодорхой болгох, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангах шаардлагатайг гүйцэтгэгчид онцолсон байна. Мөн ашиглатад оруулж байгаа орон сууцны борлуулалтад анхаарч, иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатайг шийдвэр гаргагчдын түвшинд уламжлахыг хүсчээ. БХБЯ-наас дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ-д танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулахаар ажиллана гэсэн байна.