Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос олимпийн эрхийн оноо өгөх “Чингис хаан” Гран при тэмцээнийг ирэх сарын 3-5-нд зохион байгуулна.
Монголын жүдо бөхийн холбоонд тус тэмцээнд оролцох гадаад орны баг, тамирчид мэдүүлгээ ирүүлсээр байна. Одоогийн байдлаар Франц, Швед, Герман, Унгар, Чех, Их Британи, Швейцарь, Норвеги, ОХУ зэрэг 20 гаруй орны баг тамирчид мэдүүлгээ ирүүлжээ. Өнгөрсөн жилийн “Чингис хаан” Гран при тэмцээнд 30 гаруй орны тамирчин оролцож байсан бол энэ жил 50 гаруй орны бөхчүүд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа урьдчилсан тооцоо гарчээ.