Манай улс өнгөрсөн онд 13.8 тонн алт олборлосон. Энэ жил 20 тонныг олборлох зорилт тавиад байгаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө”-ний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Т.Ганболд нар хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд хүний амь, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд онц хохирол учруулсан, аюулгүй ажиллагааны дүрэм удаа дараа зөрчсөн зэрэг шалтгаанаар хуульд заасны дагуу үйл ажиллагааг нь зогсоох, түдгэлзүүлэх, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохоос бусад тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллага алт олборлогч аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллах аж. Тухайлбал, тухайн аж ахуйн нэгжийн уурхайд үйл ажиллагаа явуулах баримт бичгээ бүрдүүлэх явцад нь мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусална. Мөн уул уурхайн салбарыг хөгжүүлэх богино, урт хугацааны хөтөлбөр боловсруулах, олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлт хийлгэх зэрэг олон чиглэлээр дэмжиж ажиллахаар боллоо.