Монголын залуучуудын холбоо нь залуучуудыг нэгтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс дэргэдээ холбоо, зөвлөл, хороо, клубуудыг үүсгэн байгуулж өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Үүний нэг нь Залуу маркетеруудын холбоо бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард байгуулагдаж, үйл ажиллагаагаа идэвхижүүлж эхэлсэн юм. Тэгвэл тус холбоо нь Монголын залуучуудын холбоо зургадугаар сарыг хүүхдийн сар болгосонтой холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан мэргэжил сонголтын талаар сонирхолтой уулзалт ярилцлага зохион байгууллаа. Залуу маркетингийн менежерүүдийг нэгтгэж хамтдаа хөгжих зорилготой эл холбоонд элсэх хүсэлтэй хүмүүс, энэ чиглэлээр суралцагч оюутан залуус, судлаачдад үүд хаалга нь үргэлж нээлттэй байх юм байна. Цаашдаа ч олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн баасан гаригт мөн маркетингийн менежерүүдийн зангиагүй уулзалт зохион байгуулжээ.