Монгол, Японы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжаар 11 байгууллагад 300 сая иен буюу 4.5 тэрбум төгрөгийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалт, эмчилгээ, үйлчилгээ, оношилгоо, харилцаа мэдээллийн хэрэгсэлд зориулсан 22 төрлийн 233 тоног төхөөрөмж, туслах хэрэгслийг 2015 онд багтаан нийлүүлэхээр болсон. Энэ хүрээнд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төв, Сүхбаатар дүүргийн Асрамж хөгжлийн төв, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Архангай аймгийн Хайрхан сум, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургууль, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хараагүйчүүдийн үндэсний холбоо зэрэг байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засалтын тусламж, үйлчилгээ үзүүлэх, сурах бололцоогоор хангах тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Нэг байгууллагад оношилгоо, хөдөлгөөн засал, физик, дулаан, усан эмчилгээ зэрэг 20 төрлийн 26 тоног төхөөрөмж олгож байгаа аж. Ингэснээр эдгээр байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм.