Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургууль 92 сурагчтай ч сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичиг хангалтгүй. Харин Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хараагүй иргэдэд зориулсан, манайд байхгүй шинэ технологийн, хоёр талдаа хэвлэдэг машинтай болсноор жирийн сургуульд хэрэглэдэг сурах бичгийг хэвлэн, ашигладаг болж байна. Ийм хэвлэгч машиныг мөн Улаанбаатар хотын нийтийн төв номын санд өгсөн юм. Тус номын сангийн “ярьдаг” номын мэргэжилтэн М.Цэнгэл “Манайх 700 орчим брайль, 400 гаруй “сонсдог” номтой. Улаанбаатар хотод оршин суугаа, харааны бэрхшээлтэй бүх иргэнд брайль болон цахим номын сангаар үйлчилж байна. Өдөрт 10-20 хүн байнга үйлчлүүлдэг. Шинэ тоног төхөөрөмжтэй болсноор харааны бэрхшээлтэй иргэдэд өөрийгөө хөгжүүлэх, мэдээлэл цаг алдалгүй авах боломж нэмэгдэж байна” хэмээн ярилаа.