Самар, түүхий эдийн ченж нэрээр манай улсад олон жил амьдарсан БНХАУ-ын иргэн Ван Жун Ли, нутаг нэгт Бан Жу Пин нарыг энэ оны нэгдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө таван залуу нийлж хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Баянгол дүүргийн нутаг, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын хойд талын 71Б байрны 84 тоотыг хөлслөн амьдарч байгаад ийнхүү халдлагад өртсөн бөгөөд хэрэгтнүүд тэдний гэрт байсан 170 сая төгрөг, 100 мянган юань, гар утас, цүнх, паспорт зэргийг нь дээрэмдэн хил гарахаар зугтахдаа баригдсан юм. Уг хэргийг ах дүү болох Т.Чинтогтох, Т.Шинэзориг нар С.Ганбаяр, Н.Ганбадрал, Б.Намхай гэсэн найз нартайгаа тохиролцон бүлэглэн үйлдсэн.
Хэрэгтнүүдийн нэг Н.Ганбадрал хятадуудын жолоочоор нь ажилладаг байсан бөгөөд найз С.Ганбаяр нь уг ажилд оруулж өгсөн юм билээ. Тиймээс тэднийг мөнгөтэй болсныг Н.Ганбадрал мэдэж ийнхүү халдсан аж. Харин найз нарынх нь нэг, талийгаач хоёрын нэгнийх нь холын хамаатан болох С.Ганбаяр нь цагдаагийнханд очиж “Манай найз нар дээрэм хийх гээд байна. Би тэдэнтэй явалгүй, зохих газарт нь хэлэхээр ирлээ” гэснээр хятадуудыг хөнөөсөн хэргийн эзэн холбогдогчдыг эрэн сурвалжлах ажиллагаа эхэлсэн байна. Ингээд ах дүү Т.Чинтогтох, Т.Шинэзоригийг Н.Ганбадралын хамтаар Дархан-Уул аймгийн нутгаас баривчлан цагдан хорьж, тэдний унаж явсан хар өнгийн “Чейзер” маркийн машиныг нь битүүмжилсэн бөгөөд одоо болтол Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн гадаа байгаа юм.
Тэд хятадуудын гэрт ороод боомилж нэгийнх нь амийг бүрэлгэсэн бөгөөд нөгөөг нь мөн ийм аргаар хөнөөхийг завдсан ч амь тавихгүй хөдлөөд байсан гэдэг. Тэгэхэд нь Н.Ганбадрал, Т.Шинэзориг, Б.Намхай нар газар тэнгэрээ үзэн, Т.Шинэзориг нь хоёр хутга авчирч, нэгийг нь Н.Ганбадралд өгсөн аж. Ингээд тэд хэргээ үйлдсэн бөгөөд Б.Намхай нь “Арай ч хутгалчихгүй байх гэж бодож зогстол Т.Шинэзориг хэд хэдэн удаа хутгалсан” хэмээн мэдүүлжээ. Анхан шатны шүүхээс С.Ганбаярыг хэргээ хүлээж ирсэн, Б.Намхайг үйлдэл оролцоо нь бага байсан хэмээн үзсэн ч хүний амь бүрэлгэсэн, хятадуудын иргэний бичиг баримтыг устгасан буруутайд тооцож, чанга дэглэмтэй хорих ангид 23 жил хорих ял оноолоо.
Харин нөгөө гуравт нь 25 жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял шийтгэлээ. Дээрх таван хүн тус бүрээс 16 сая төгрөг гаргуулж, хятадуудын оршуулгын зардалд олгохоор болсон бөгөөд дээр дурдсан “Чейзер” маркийн автомашиныг 6.5 сая төгрөгөөр үнэлж хохиролд тооцуулах, мөн өөр нэгнийх нь эзэмшлийн “Аксент” маркийн машиныг ч дээрх байдлаар шийдвэрлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр болжээ.