Өнгөрөгч долоо хоногийн ажлын сүүлчийн өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцээд, тэр даруй УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү төслийг УИХ дахь намын бүлгүүд өчигдөр ээлжит хуралдаанаараа хэлэлцжээ. Бүлгүүд дараах байр суурь илэрхийлж байна.
АН: ЗӨВ ШИЙДЭЛ
-Дээрх төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй. Гацууртын ордыг ашиглах шийдвэрийг УИХ-аас өнгөрсөн жил шийдвэрлэсэн. Одоо төрийн эзэмшлийн хэмжээг хэрхэн тогтоох тухай төслөө Засгийн газар оруулж ирсэн нь энэ. Засгийн газар ордын 34 хувийг эзэмшихдээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж авах шийдвэрт хүрсэн. Төр 34 хувийг эзэмшвэл шаардлагатай хөрөнгө оруулалтын ийм хэмжээтэй дүйцэхүйц хөрөнгө гаргах хэрэгтэй болно. Гацууртыг эзэмшиж байгаа компанийн хөрөнгийг дахин тоолж үнэлэхээс авахуулаад олон ажил ундарна. Үүнд нэлээд хугацаа шаардагдах нь тодорхой. Иймд 34 хувийн эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр солих нь цаг хугацааны болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын хувьд зөв шийдэл юм. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд нийт борлуулалт 1.7 тэрбум ам.доллар болохоор тооцсон. Үүнээс авах татвар 265.6 сая ам.доллар байна. Үүнийг задалбал ашигт малтмалын нөөц ашигласны татвар 139.4, тусгай төлбөр нь 53, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 57, суутгал нь 16.2 сая ам.доллар болж буй. Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг өнөөдрийн үнэ цэнээр тооцвол Засгийн газарт ногдох мөнгөн урсгал нь 159 сая ам.доллар буюу 72.2 хувийн өгөөжтэй байна. Хөрөнгө оруулагчдад ногдох мөнгөн урсгал нь 61.3 сая ам.доллар буюу 27.8 хувь болж байгаа юм.
МАН: НЭН ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛИЙГ ТОДРУУЛНА
-Уул уурхайн сайдын байр суурийг сонсож, яагаад нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн үндэслэлийг тодруулах нь зүйтэй. Тиймээс энэ долоо хоногт хэлэлцэлгүй, хойшлуулахаар санал нэгдсэн. Дубайд Оюутолгойтой холбоотой гэрээнд гарын үсэг зурсан гэж ойлгож байгаа. Гэтэл Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирлээ. Тавантолгойн асуудал таг чиг байна. Улс орныхоо эдийн засгийг сайжруулахын төлөө аль алиныг нь зөв талаас дэмжиж явуулах ёстой. Харамсалтай нь хэсэг бүлгийн эрх ашгийн үүднээс өөр өөр байр сууринаас хандаж буй нь сонирхол татаж байна. Засгийн газар, УИХ-ын түвшинд эдгээр ордын талаар баримтлах байр сууриа нэгдмэл болгож, хамтарч ажиллах ёстой.
МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС” ЭВСЭЛ: ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХЭРЭГ
-Энэхүү төслийг дэмжих боломжгүй. Тус орд дахь төрийн эзэмшил 34 хувь байх нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг. Гацууртын орд 100 хувь ард түмний өмч байтал 34 хүртэл хувийг эзэмшинэ гэж төсөлд тусгасан нь “Сентерра гоулд” компанийн ордын 34 хувийг эзэмших асуудал болж хувирч байна. Тиймээс эл асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллана.
Б.УРАН