Сургуулийн нийгмийн ажилтны сүлжээний олон улсын зургаа дахь хурлыг манай улсад энэ сарын 10-12-нд Монголын Хүүхдийн ордонд “Хүүхдэд ээлтэй сургууль” сэдэвтэй болох гэж байна.
Уг ажлыг Олон улсын нийгмийн ажилтны сүлжээ нийгэмлэг БСШУЯ, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй юм. Энэ талаар тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Мөнхжаргалаас тодрууллаа.
-Юуны өмнө нийгэмлэгийнхээ үйл ажиллагааг товч танилцуулахгүй юу?
-.Сурагчдын гэр бүл, багш болон бусад ажилтантай итгэлд тулуурласан харилцаа холбоог хөгжүүлж хөндлөнгөөс оролцох, хүүхэд хамгааллын талаар зөвлөх, суралцахад саад болж буй нийгмийн сэтгэл зүйн бэрхшээлтэй асуудлаар урьдчилан сэргийлж, судалгаа явуулах, сургуулийн бодлого, үйлчилгээг эцэг эхчүүд ойлгоход туслах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг үндсэн чиглэл болгон ажилладаг байгуулга юм. 1999 онд Чикаго хотод сургуулийн нийгмийн ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хуралдаж “Олон улсын нийгмийн ажилтны сүлжээ”-г байгуулсан. Үүний дараа 2003 онд Швед, 2006 онд БНСУ, 2009 онд Шинэ Зеланд, 2012 онд Гана улсад тус тус хурал зохион байгуулж байсан бол энэ жил Монгол Улсад хийх гэж байгаад баяртай байна
-Энэ хурлыг Монголд зохион байгуулах эрхийг хэрхэн авсан бэ?
-Монгол Улсад нийгмийн ажилтны үйлс дэлгэрээд 18 жил болсон. Сургуулийн нийгмийн ажил маш эрчимтэй хөгжиж буйг хөгжингүй орнуудын энэ чиглэлийн мэргэжилтнүүд сайшааж хүндэтгэлтэй хүлээж авсан бөгөөд гурван улс өрсөлдөж манайх ялсан юм. Мөн манай улсын Ерөнхий боловсролын бүх сургуульд нийгмийн ажилтан байдаг бөгөөд төрөөс санхүүжүүлж дэмждэг гэдэг утгаараа олон улсын анхаарлыг татсан. Түүнчлэн урд жилүүдэд 16 орны төлөөлөгчид уг хуралд оролцож байсан бол энэ жил 22 улсаас мэргэжилтнүүд ирж, манай улсын 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилчид оролцох учраас илүү өргөн цар хүрээтэй болно гэдэгт итгэлтэйбайна.
-Манай улсад анх нийгмийн ажилтан төрсөн цагийг өнөөдрийн мэргжилтнүүдтэй харьцуулвал хэрхэн хөгжсөн байна вэ?
-Сургууль завсардалтаас хүүхдийг урьдчилан сэргийлэх нь” төслийн хүрээнд Монгол Улсад сургуулийн нийгмийн ажлын хөгжлийн эхлэл тавигдсан. Хүүхдийн эсэн мэнд амьдрах, сурах, хөгжих, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэхийн тулд холбон зуучлах, мэдээлэх, сургалт судалгаа үнэлгээ хийх зэрэг олон шинэ ажилд нийгмийн ажилтнууд өөрсдөө суралцаж хөгжсөн. Түүнчлэн хүүхдийн оролцоотой асуудлыг шийдвэрлэх, хүүхдэд ээлтэй сургуулийн бодлогыг хэрэгжүүлэх, боловсролын нийгмийн ажлын үйлчилгээг жилээс жилд шинэчилж хөгжсөөр өдгөө дэлхийн бусад улс оронтой хөл нийлүүлэн алхаж байна.
-Хурлын үр дүнг хэрхэн харж байна вэ?
- Уг хурал эерэг харилцаа, хүүхэд хамгаалал, хүүхдийн оролцоо, хамтын ажиллагаа гэсэн дөрвөн агуулгын талаар санал бодлоо хуваалцаж таршлага солилцох юм. Монгол Улсад сургуулийн удирдлага, сурагчид, багш, ажилтнуудын дунд эерэг харилцаа их үгүйлэгддэг. Түүнчлэн хүүхдүүдийг хөгжих эрхийг тэгш хангах, ирээдүйн сайн сайхны төлөө гэр бүлийн оролцоо их дутмаг байдаг учраас энэ хурал манай улсад сайнаар нөлөөлж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хүний эрх, эрх чөлөө ялангуяа Хүүхдийн эрх ашгийг гол зорилго болгосон их үйл хэргийг “Хүүхдэд ээлтэй сургууль” хурлаар дамжуулж шийдвэрлэх нь хамгийн оновчтой зөв гарц бөгөөд дэлхийн олон улс орнууд энэ чиглэлд анхаарлаа хандуулж, хамтран ажиллах боломж бидэнд бүрдэнэ.
Г.Оюунтогтох