Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа БНСУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Сун болон албаны бусад хүнийг хүлээн авч уулзлаа. Тус улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Суны хувьд манайд ажиллахаар томилогдсоноосоо хойш анх удаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай уулзаж буй аж. Энэ үеэр КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хүнсний ногооны хүлэмж барих, Улаанбаатар, Дархан-Уул аймагт малын гоц халдварт өвчин, хүнсний аюулгүй байдлын лабораторийн оношилгооны чадавхийг бэхжүүлэх гурван үе шаттай төслийн талаар ярилцсан байна. Мөн Дорнодын Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах, тус нутагт загвар аж ахуй байгуулах тухай төслүүдийн явцыг хурдасгах шаардлатай буй тухай ярилцжээ. Түүнчлэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт боловсон хүчний чадварыг дээшлүүлэхийн тулд БНСУ-тай хамтран ажиллахад туслалцаа үзүүлнэ гэж найдаж буйгаа ХХАА-н сайд дурдсан юм.
Харин БНСУ-ын хувьд Халх гол төсөл нь зөвхөн КОЙКА олон улсын байгууллагын хүрээнд биш, тус улсын Засгийн газрын бодлоготой уялддаг чухал төсөл гэдгийг Элчин сайд У Сун цохон тэмдэглэлээ. Халх голд загвар аж ахуй байгуулах төслийн нээлтийг түргэн хугацаанд хийхийг хүсч буйгаа илэрхийлэв.
Ц.Болор