Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын дарга Б.Пүрэвдоржийн албан өрөөнд өчигдөр 16.00 цагийн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд үзлэг нэгжлэг хийж, битүүмжилсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Албаны хүнээс энэ талаар лавлахад “Б.Пүрэвдоржийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн. Прокурорын зөвшөөрлөөр албан өрөөнд нь нэгжлэг хийсэн. Мөн тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Мөнгөнцэцэгийн өрөө, компьютер зэрэгт ч үзлэг хийсэн” гэлээ.
АТГ-ынхан энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Албан бус эх сурвалжуудын нэг хэсэг нь “Б.Пүрэвдоржийг саатуулсан” гэдэг мэдээлэл өгсөн бол өөр нэг нь “Түүнийг цагдан хориогүй. Гадуур шалгаж эхэлсэн байна лээ” гэсэн юм.
Б.Пүрэвдоржийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй сурагтай.
Г.РАВЖАА