Монголын ихэнх мэдээллийн сайтууд өчигдөр нэвтрэх боломжгүй болж үйлчилгээ нь доголдов. “Mn” домэйн нэртэй олон сайт “Мэйжик нэт” компанид бүртгэлтэй байдаг бөгөөд энэ талаар тус байгууллагын мэргэжилтнээс тодруулахад “Гаднын халдлагад өртсөн. Үйлчилгээ хэвийн болохоор мэдэгдэе” гэхээс өөрийг хэлсэнгүй.
Харин удалгүй буюу 18.00 цагийн үед “Датаком” компани өөрийнхөө сайтад “Манай үйлчилгээний домэйн нэрийн сервер буюу DNS серверүүд рүү 2015 оны зургадугаар сарын 9-ны 15.00 цагаас эхлэн гаднаас халдлага (hacking) хийх оролдлого хийсэн бөгөөд бид хариу үйлдэл, шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг авах зорилгоор домэйн нэрийн ажиллагааг түр хугацаанд зогсоолоо.
Удахгүй хэвийн ажиллагаанд орох болно. Энэхүү доголдлоос шалтгаалан хэрэглэгчийн мэдээлэл, вэб болон э-мэйл үйлчилгээнүүдэд ямар ч аюул учрахгүй болно” хэмээн мэдэгдсэн байв. Энэ мэдээлэлтэй холбогдуулан “Монголын кибер довтолгоонтой тэмцэх төв” ТББ-ын тэргүүн Т.Халтартай холбогдоход “Иймэрхүү довтолгоо байнга болж байдаг ч манайхан хашрахгүй юм.
Аюулгүй байдлын үнэлгээ хийлгэж хамгаалалтаа сайжруулах ёстой байтал эдийн засгийн хувьд хэмнэлттэй хувилбарыг нь сонгосноос ийм байдалд хүрч байна. Mn домэйнтэй 37 мянга орчим сайт бий” хэмээн ярилаа.
С.СЭРГЭЛЭН