Улаанбаатар хотоос энэ сарын 8-ны 15.00 цагт Увс аймаг руу 35 зорчигчтой хөдөлсөн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн УВХ 22-88 улсын дугаартай ПАЗ маркийн автобус өчигдөр өглөө үүрээр 04.30 цагийн үед Архангай аймгийн нутагт осолджээ. Автобус Хотонт сумын төвийн ойролцоо явж байгаад Хан Жарантай голын гүүрэн дээрээс унасан, Цагаан сүм голын гүүрний далан дээр унасан гэсэн зөрүүтэй мэдээлэл байна. Хотонт сумын цагдаад ослын дуудлага 04.50 цагт ирсэн гэнэ. Зорчигчдоос 14 нь гэмтсэн байна. Тэдний найм нь насанд хүрсэн томчууд, бусад нь хүүхэд аж. Гэмтэж бэртсэн эмэгтэйчүүдийн нэг нь давхар биетэй гэсэн мэдээ бидэнд ирлээ. Автобусны бүх зорчигчийг Хотонт сумын Хүн эмнэлэгт хүргэн, эрүүл мэндийн үзлэг хийж, гэмтэж бэртсэн хүмүүст тусламж үзүүлсэн байна. Увс аймгаас том оврын автобус явуулж, эрүүл үлдсэн хүмүүсийг авахуулсан бол гэмтэж бэртсэн хүмүүсийг нарийн үзлэг шинжилгээнд оруулахаар Архангай аймгийн төв рүү авч явжээ.
Ийм автобусаар 30 зорчигч тээвэрлэх журамтай атал хүний тоо хэтрүүлсэн байсан аж. Уг автобус өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 6-ны өдөр Увс аймгаас зорчигч суулган гарч, Улаанбаатарт 8-ны 11 цагийн үед иржээ. Эргээд дөрвөн цагийн дараа дүүрэн хүнтэйгээр Улаангом руу хөдөлсөн юм байна. Сумын цагдаагийн үзлэг шалгалтаар жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл гэж гарчээ. Хот хооронд зорчигч тээвэрлэдэг автобуснууд хоёр ээлжийн жолоочтой явах ёстой атал уг ПАЗ-ын жолооч ганцаараа байсан гэнэ. Олон хоног нойргүй, амралтгүйгээр хол зам туулсан жолооч жолооныхоо ард үүрэглэсэн байх хэмээн ослын шалтгааныг таамаглаж буй аж.