Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын VI багт зусаж буй малчны гурван адуу хачгийн халуун өвчнөөр хорогджээ. Эзэн нь хачгаар дамждаг төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх тарилга малдаа хийлгээгүй байсан аж. Өнгөрсөн өвөл цас багатай, дулаан байснаас хавар эрт айлчилсан. Үүний улмаас хачиг хэмээх шимэгч хортон энэ жил их үржиж, хүн, мал, амьтдыг өвчлүүлж байгаа гэнэ.
Хачигт хазуулсан хэмээн эмнэлэгт хандсан хүн Хөвсгөлд олон байгаа аж. Тус аймгийн Зооноз өвчин судлалын төв өнгөрсөн жил ийм 47 хүн бүртгэсний 16 нь хачгаас халдвар авсан байжээ. Үүнийг лабораторийн шинжилгээгээр тогтоосон юм байна. Тэгвэл он гарсаар 71 хүн ийм шалтгаанаар эмчид ханджээ. Ой мод ихтэй уг аймгийн Тариалан, Эрдэнэбулган сум хачигт халдварын голомттой байсан бол энэ жил Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын иргэд хачигт хазуулсны улмаас бие өвдлөө хэмээн ирж байгаа гэнэ.